Шинээр байгуулагдсан хадгаламж, зээлийн 4 хоршоо “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-т хамрагдах эрхээ авлаа

2015-04-27 10:16

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 11 дүгээр хуралдаан болж, хурлаар зохицуулалтын хүрээний холбогдох зарим тусгай зөвшөөрлүүдийг нэмж олголоо. Тухайлбал, өнөөдрийн хурлаар нийт 5 хадгаламж, зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл олголоо. Эдгээрээс 4 хоршоо нь төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан. Ингэснээр эдгээр хоршоо нь бичил бизнес эрхэлж байгаа, барьцаа хөрөнгө дутмаг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-гаас олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрхтэй боллоо.

Түүнчлэн “Гэрэлфинанс”ХХК, “Эс Ай Си Эй финанс”ХХК, “Химурга”ХХК болон “Файнанс стор” ХХК-иудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Харин “Эконом инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон “Очир капитал” ХХК, “АБЖЯ” ХХК-иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгосон байна.  

 

  

СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТЭС