ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2020-03-05 10:11

Компанийн тухай хуульд зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулж байхаар зохицуулсан.

Хэрэв дээр дурдсан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болдог ба бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болох үр дагавар үүсэх юм.

Гэвч энэ цаг үед дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавируст халдвар дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг баталж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэн, улмаар энэхүү хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байна.

Энэ хүрээнд Улсын онцгой комиссын даргын 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар баталсан "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж"-ийн 13-т зааснаар олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоосон.

Онцгой нөхцөл байдал үүссэн тул “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниуд нь хуульд заасан хугацаанд ээлжит хурлаа хувьцаа эзэмшигчдийг биеэр оролцуулан нэг дор зарлан хуралдуулах боломжгүй болоод байна.

Иймд үүсээд буй нөхцөл байдалд нийцүүлэн хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс хувьцаа эзэмшигчдийг нэг дор олноор цугларуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан хуралдуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог хангуулах зэргээр ээлжит хурлыг өөрийн онцлогт тохирсон боломжтой хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй.

Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан зохион байгуулахад шаардлагатай мэдээ, мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргуулах болон бусад хэлбэрээр хурал зарласан этгээдтэй хамтран ажиллах бөгөөд цаг үеийн мэдээллийг өөрийн цахим хуудсаар тухай бүр мэдээлэх болно.