ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2020-03-05 10:14

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж, зээлийн хоршоод бүх гишүүдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах үүрэгтэй бөгөөд ээлжит хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэдэг. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын 2.1.13-т заасны дагуу жил бүр бүх гишүүдийн ээлжит хурал хуралдсанаас хойш 30 хоногийн дотор Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хурлын материалыг Хороонд хүргүүлэх үүрэгтэй.

Гэвч энэ цаг үед дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавируст халдвар дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг баталж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэн, мөн 64 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байна. Энэ хүрээнд Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар баталсан "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж"-ийн 13-т зааснаар олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоосон.

Онцгой нөхцөл байдал үүссэн тул хадгаламж, зээлийн хоршоод нь хуульд заасан хугацаанд бүх гишүүдийн ээлжит хурлыг гишүүдийг биеэр оролцуулан зарлан хуралдуулах боломжгүй болоод байна. Иймд үүсээд буй нөхцөл байдалд нийцүүлэн гишүүдийг нэг дор олноор цугларуулалгүйгээр бүх гишүүдийн хурлыг цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан хуралдуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцоог хангаж хуралдуулах зэргээр өөрийн хоршооны онцлогт тохируулан боломжтой хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй. Мөн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д "Гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүх гишүүдийн хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр ирүүлж болно" гэж заасны дагуу гишүүд саналаа бичгээр өгөх хэлбэрээр хуралд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шаардлагатай мэдээллийг Хорооны цахим хуудсаар мэдээллэх болно.