САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “ОНЛАЙН” ХУРАЛДЛАА

2020-03-11 06:52

Корона вируст халдварын дэгдэлттэй холбоотой Улсын онцгой комиссын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу Хорооны 2020 оны ээлжит V хуралдааныг “онлайн видео хурал” хэлбэрээр зохион байгуулж, 19 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг баталж, журмын хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлагчид Хорооноос тусгай зөвшөөрөл авч энэ үйл ажиллагааг эрхлэхээр болов.

“ҮЦТХТ” ХХК-д үнэт цаасны зах зээлд төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Ард капитал групп ҮЦК” ХХК-д номинал дансаар дамжуулан харилцагчид мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээний үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл олгож, “Аккаунт траст аудит” ХХК-г үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйл ажиллагаа үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэлээ.

“Даатгалын зах зээлийн ёс зүйн журам”-ыг шинэчлэн баталж зарим даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтан, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн бүртгэв.

Хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-уудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөл нэмж олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг асуудлыг мөн хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба