САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

2020-03-26 07:20

           Дэлхий даяар өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавируст (COVID-19) халдвар нь цар тахлын хэмжээнд хүрч, Монгол Улсын Засгийн газар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед халдвараас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулахад байгууллага, иргэн бүр үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэн, өөрсдийн чиг үүргийн хүрээнд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна.

            Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээдүүдийн хувьд анхаарал тавьж ажиллах шаардлагатай нэг талбар нь гүйлгээнд эргэлдэж буй бэлэн мөнгө юм. Гар дамжсан бэлэн мөнгө нь бохирдолт, хиртэлт ихтэй байдаг тул өвчин үүсгэгч бичил биетүүд болон коронавирусын халдвар түүгээр дамжин тархах өндөр эрсдэлтэй байж болзошгүй талаар гадаад орны мэргэжилтнүүд анхааруулж байна.

            Коронавирусын халдвар мөнгөн дэвсгэртээр дамжин тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоо зэрэг бэлэн мөнгөтэй харилцагч байгууллагуудад дэлхий нийтэд хийж байгаа аргын талаарх дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Бэлэн мөнгөтэй харьцан ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг тогтмол шалгаж, маск, бээлий, гар ариутгалын бодис зэрэг хэрэгцээт материалаар хангахын зэрэгцээ хувийн ариун цэвэр сайтар сахиж ажиллахыг шаардах, сануулах.
  2. Хэт ягаан туяаны гэрэл буюу Ultraviolet гэрэл нь (UV) бактери, вирус, хөгц мөөгөнцөр болон бусад хорт микро организмуудыг устгаж ариутгадаг тул мөнгөн тэмдэгт агуулж буй өрөөг UV гэрлээр ариутган халдваргүйжүүлэх боломжтой юм. Гэхдээ UV гэрэл нь дараах үзүүлэлттэй байх шаардлагатай. Үүнд:
  • 200-300 нано метрийн долгионы урттай,
  • Шүүлтүүртэй,
  • Дэвсгэрт нэг бүрээр ариутгах бол 15-30 ватт, агуулах өрөөг ариутгах бол 120-150 ваттын хүчин чадалтай байх.

UV гэрлийн аппарат шүүлтүүргүй байх нь эрүүл мэндэд хортой бөгөөд нүдэнд 3 секунд тусахад нүдний торлог бүрхэвчийг гэмтээдэг, мөн арьсны хорт хавдар, харшил тууралт үүсгэдэг тул аюулгүй ажиллагааны байдлыг анхаарна уу.

UV гэрлээр халдваргүйжүүлэлтийг хийхдээ тухайн биетийн гадаргууд бүхэлд нь UV гэрэл тусган, зааварт заасан хугацаагаар шарж ариутгадаг тул боодол, багцаараа байгаа мөнгөн дэвсгэртүүдийг бүрэн халдваргүйжүүлэх боломжгүй хэдий ч эд зүйлсийн гадаргуу, ойр орчмын агаарыг халдваргүйжүүлэх өндөр үр дүнтэй арга юм.