БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА, ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДООС ТӨВЛӨРҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛЛАА

2020-03-26 07:24

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны ээлжит VI хуралдааныг цахимаар зохион байгуулж даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Энэхүү хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн гол асуудлын нэг бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос улсын төсөвт жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төвлөрүүлдэг зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр болгон хойшлуулах шийдвэрийг гаргасан явдал байлаа.  http://www.frc.mn/resource/frc/Document/2020/03/30/bwf2ilvi14jjg23h/148.pdf

Дээрх шийдвэрийг гаргаснаар шинэ төрлийн коронавируст /Covid-19/ цар тахлын тархалттай холбоотойгоор үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлын үед банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөрийн чадварт дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр харилцагч, зээлдэгчдийнхээ өрийн дарамтыг багасгах боломжийг олгож байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд зээлдэгчдийн зээл, хүүгийн төлбөрийн ангиллын хугацааг сунгаж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос зээл авсан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн бодлогын шийдвэр гаргаж байсан билээ.

Цаашид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд зохицуулалтын байгууллагууд, харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан зөв, оновчтой бодлогын шийдвэрүүдийг үе шаттай гаргаж ажиллах болно.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба