ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

2020-03-31 07:44

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

Дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг баталсан. http://www.frc.mn/resource/frc/Document/2020/03/27/qe5w57nndla2fuzx/150.pdf

Иймд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхэлж буй хуулийн этгээд бол уг журмын 4 дүгээр хавсралтад, хувь хүн бол 5 дугаар хавсралтад заасны дагуу тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ холбогдох баримт бичгүүдийн хамт 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх арга хэмжээг авч ажиллана уу.

Дээрх хугацаанд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ иргэн, хуулийн этгээдээс ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэхийг анхаарна уу.

Журмын зохицуулалт болон бусад холбогдох мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 51-262607 дугаарын утсаар тодруулан лавлана уу.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО