НИЙТЛЭГ АСУУЛТЫН ХАРИУ

2020-04-03 03:17

“ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТИЙГ ХОРООНД ИРҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ”

            Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг  тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

            Дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам батлагдсантай холбоотойгоор тус үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага, иргэдээс ирүүлж байгаа нийтлэг асуултуудын хариултыг тоймлон танилцуулж байна. Үүнд: 

  • Хувь иргэн бие даан зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаад шинээр аж ахуй нэгж байгуулан, 2020 оны 4 дүгээр сарын 30ны дотор холбогдох баримт бичгийг бүрдүүлэх гэтэл заасан хугацаанд амжихгүй байна. Хэрвээ энэ хугацаанд амжихгүй бол цаашид хүсэлтийг хүлээж авах уу?
  • Хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 2020 оны 4 дүгээр сарын 30ны өдрийн дотор ирүүлэхийг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдэд үүрэг болгосон. Шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдүүдийн хувьд цаашид холбогдох баримт бичгийг хуулийн дагуу хүлээж авна. Одоо үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн хувьд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Хороонд ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэхийг анхаарна уу.
  • Сургалтыг ямар байгууллага зохион байгуулах вэ. Сургалтад хамрагдах  хугацаа болоод сургалтын байгууллагыг сонгох боломж бий юу? 
  • Хороонд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлэхдээ брокер, агент нь холбогдох чиглэлээр сургалтад хамрагдаж сертификат болон гэрчилгээ авч байсан бол түүнийгээ ирүүлнэ. Харин огт сургалтад хамрагдаагүй боловч туршлагатай бол 2020 оны 6 дугаар сарын 01ний өдрөөс хойш Хорооноос баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу холбогдох байгууллагаас зохион байгуулагдах сургалтад хамрагдана. Сургалттай холбоотой мэдээллийг тухай бүр олон нийтэд мэдээлнэ.
  • Журамд заасан материалуудыг байгууллага болгон өөр өөр загвараар хийж байх шиг байна. Гол онцлох нөхцлүүдийг дурьдаач? 
  • Журмын 4 дүгээр хавсралтад заасан баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлж Хороонд ирүүлнэ. Холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаад нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд албан бичгээр мэдэгдэнэ.
  • Журамд заасан байгаа нэмж эрхлэх үйл ажиллагаанд тусгагдсан ажлуудыг явуулах бол тусгай зөвшөөрөл авах уу? 
  • Журмын 6.1д “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага нь 1.3-т заасан үйлчилгээ эрхлэхдээ энэ журмын 3 дугаар хавсралт дахь маягтын дагуу өргөдөл гаргаж, 8 дугаар хавсралтад заасан баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлэн Хороонд ирүүлж, бүртгүүлнэ” гэж заасан тул нэмж эрхлэх үйл ажиллагааг холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэт бүрдүүлэн Хороонд ирүүлж, бүртгүүлнэ.
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтан нь агент байж болох уу? 
  • Заавал орон тооны ажилтан байх бөгөөд хавсран гүйцэтгэж болно.
  • Манай компанид 20 сая төгрөгийн орлого орж ирвэл үүнийг мэдээлэх үү эсвэл 20 сая төгрөгийн үнийн дүнтэй зуучлалын гүйлгээг мэдээлэх үү? 
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1д “Энэ хуулийн 4.1д заасан этгээд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байгаа.
  • Хэрэв агент зөрчил гаргавал мэдээллийг Холбоодод өгөх үү. Өргөдөл гомдлоо хаана өгөх вэ ? 
  • Зөрчил гаргасан талаарх мэдээллийг Хороонд ирүүлнэ.
  • Үл хөдлөх хөрөнгийн зуучлалыг өөр төрлийн бизнестэй давхар хийж болох уу? Жишээ нь: банк бус, барилга 
  • Журмын 3.28д “Тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага нь зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн салбарт үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасан тул ББСБ нь тус үйл ажиллагааг давхар эрхэлж болохгүй, /Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль/
  • Компанийхаа нийт хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгч гэж ойлгож байгаа зөв үү ?
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд эцсийн өмчлөгчийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

НЭГ. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”

ХОЁР. Хуулийн 3.1.6.б-д “харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”

ГУРАВ. Хуулийн 3.1.6.в-д “хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” гэж заасан байдаг.

  • Барилгын компаниуд өөрийн барьсан барилгын худалдаа хийхдээ борлуулалтын албандаа тусгай зөвшөөрөл авах шаардлагатай юу. Тэр тохиолдолд борлуулалтын алба хэрхэн ажиллах ёстой вэ?
  • Тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Тусгай зөвшөөрөлтэй этгээдээр дамжуулан борлуулалтын үйлчилгээг эрхэлнэ, эсвэл охин компани, зэргэлдээ компани байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж зөвлөж байна.
  • Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хувь хүнээр авч болох уу?
  • Журмын 1.4т “ Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг энэ журамд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ” гэж заасан тул хувь хүнд тусгай зөвшөөрөл  олгохгүй.
  • Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 15.000.000 /арван таван сая төгрөг/ гэсэн байна. Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох бичиг баримт, гарал үүслийн тодорхойлолтод юуг ойлгох вэ?
  • Хувь нийлүүлсэн хөрөнгө болох 15,0 сая төгрөгийг хэрхэн бүрдүүлснээ нотлох баримт бичиг байна. Энэ нь хууль бусаар олсон орлого биш гэдгийг л нотлох ёстой гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь: хадгаламжаасаа бүрдүүлсэн бол хадгаламжийн дэвтэр, банкны хуулга, компани ашгаасаа бүрдүүлсэн бол тайлан баланс, ногдол ашиг авсан баримт, холбогдох шийдвэр, орон байр, машин тэргээ зараад бүрдүүлсэн бол худалдах худалдан авах гэрээ, татвар төлсөн баримт бичиг гэх мэт..........
  • Тусгай зөвшөөрлийн бүрдүүлсэн материалаа заавал цаасаар өгөх үү?
  • Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгийг цаасаар ирүүлж болно.
  • Мөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгийг зөвшөөрлийн цахим системээр хүлээн авч эхэлсэн. Тоон гарын үсэгтэй хуулийн этгээдийн хувьд цаасаар өгөх шаардлагагүй.
  • Цахимаар тусгай зөвшөөрлийн материалыг Хороонд хүргүүлэхдээ ямар цахим гарын  үсгийг хэрэглэх вэ? 
  • Монпасс СА тоон гарын үсгийн хэрэглэж болно.
  • Тусгай зөвшөөрлийн журам танай цахим хуудасны хаана байршиж байгаа вэ. Журмын хавсралтуудыг гараар бөглөх үү?
  • Frc.mn цахим хуудасны “Зохицуулалтын салбарууд” цэсний “Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл” талбарт байршуулсан. Энд дарж орно уу

“Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”

Мөн журмын хавсралтуудыг WORD файлаар авахыг хүсвэл дараах холбоосоор хандана уу. https://www.legalinfo.mn/annex/?lawid=15196

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО