ГАДААДАД ЗОРЧИГЧДЫН ДААТГАЛ БА КОВИД-19

2020-04-08 07:03

Монгол улсын даатгалын зах зээлд нийт 12 даатгалын компани гадаадад зорчигчийн гэнэтийн ослын болон аяллын даатгалын бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж байна.

Эдгээр бүтээгдэхүүний хүрээнд даатгалын хамгаалалт нь даатгалын компани бүрийн бүтээгдэхүүний онцлогоос хамаарах бөгөөд нийтлэг байдлаар даатгуулагчийн гадаад улсад зорчин явах үедээ гэнэт өвдсөн болон гэнэтийн осолд орж эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардал, эмнэлгийн байгууллагын хяналтад нүүлгэн шилжүүлэх зардал, даатгуулагч нас барсан тохиолдолд шарилыг өөрийн оронд хүргэх тээврийн зардал, нислэг хойшлогдсон, ачаа тээш хоцорсны зардал, ачаа тээш болон хувийн эд зүйлс алдагдах зэрэг эрсдэлүүд хамаарна.

Иймээс Монгол улсаас гадаад орон руу аялал жуулчлал, бизнес уулзалт, хурал зөвлөгөөнд оролцохоор зорчин явж буй иргэн таны амь нас, эрүүл мэндэд гэнэтийн санаандгүй хохирол учрах, захиалсан хуваарьт нислэг хойшилсноос үүдэн гарах хохирол, түүнчлэн ачаа тээш, хувийн эд зүйлс, бичиг баримт алдагдсан зэрэг тохиолдолд даатгалын гэрээний нарийвчилсан заалтууд, даатгалын нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөлүүдийг дахин сайтар нягтлан үзэхийг зөвлөж байна.

Даатгуулагч та дээрх нөхцөл бэрхшээлтэй тулгарсан үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй. Үүнд:

1. Даатгалын гэрээгээ сайтар судлан, танд учирсан эрсдэл даатгалын гэрээгээр хамгаалагдах эсэхээ тодруулж харах;

2. Даатгалын тохиолдлын талаар даатгалын компанидаа нэн даруй мэдэгдэх;

3. Даатгалын тохиолдол буюу учирсан нөхцөл байдалтай холбоотой бүрдүүлбэл зохих баримт бичгийг гэрээнд заасан хугацаанд түргэн шуурхай гаргаж өгөх зэрэг болно. Ингэснээр даатгалын компаниас танд олгох нөхөн төлбөрийг шийдвэрлэх хугацааг богиносгох боломжтой юм.

Олон улсад үүсээд буй Ковид-19-ийн хорио цээр тогтоосон хугацааны өмнө эсхүл дараа нь аялал эхэлсэн эсэхээс зарим даатгалын гэрээний хамгаалалт хамаарч болохыг даатгуулагч та бүхэн анхаарна уу. 

Даатгуулагч нь даатгалын компаниас нөхөн төлбөрөө авч чадахгүй байх, эсхүл нөхөн төлбөрийг гэрээнд зааснаас багаар олгосон тохиолдолд өргөдөл, гомдлоо Санхүүгийн зохицуулах хороонд http://www.frc.mn/i/Feedback цахим линкээр ирүүлэх боломжтой бөгөөд тухайн өргөдөл хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж, нөхцөл байдлыг харгалзан түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.

Даатгалын компаниудаас гадаадад зорчигчийн гэнэтийн ослын болон аялалын даатгалын бүтээгдэхүүний хамгаалалтын талаар олон нийтэд хандсан мэдээний линкүүдтэй танилцана уу.