САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “КОВИД-19 АМЬ НАС, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ДААТГАЛ”-ЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ШУУРХАЙ БҮРТГЭЖ АЖИЛЛАЛАА

2020-04-08 10:36

Дэлхий даяар өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавируст (COVID-19) халдвар нь цар тахлын хэмжээнд хүрч, өнөөдрийн байдлаар 209 улсад тархсан байна. Монгол Улсад "COVID-19" коронавируст халдварын анхны тохиолдол 2020.03.10-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд, дээрх өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, вирусийн тархалтыг тогтоон барих хүрээнд Монгол Улсын Засгийн газар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, шаардлагатай бүхий л арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж байна.

Энэ хүнд үед “Нэйшнл лайф даатгал” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй улсын эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын албан хаагчид болон төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг үнэ төлбөргүйгээр даатгах “Ковид-19 Амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-ын бүтээгдэхүүнийг боловсруулан ирүүлсэн.

Хорооны зүгээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан түргэн шуурхай ажиллаж, вирусийн тархалтыг тогтоон барихаар өвчний голомт дээр ажиллаж буй төрийн албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг үнэ төлбөргүй даатгаж байгааг дэмжиж, Хорооны хуралдаанаар хэлэлцэн “Ковид-19 Амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-ын бүтээгдэхүүнийг бүртгэлээ.

“Ковид-19 Амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтнүүд, мөн хуулийн 3.1.6-д заасан эрүүл мэндийн нийт ажилтнууд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.