НИЙТЛЭГ АСУУЛТЫН ХАРИУ

2020-04-14 03:52

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам” батлагдсантай холбоотойгоор тус үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага, иргэдээс ирүүлж байгаа нийтлэг асуултуудын хариултыг тоймлон танилцуулж байна. Үүнд: 

  • Яагаад тусгай зөвшөөрөл авах ёстой юм бэ?
  • 2020 оны 01 дүгээр сарын 17ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулснаар Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан. Иймээс Та энэ төрлийн үйл ажиллагааг эрхэлбэл Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авна.
  • Хувь хүн тусгай зөвшөөрөл авах бол ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
  • Журмын 5 дугаар хавсралтад заасан баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлж Хороонд ирүүлнэ. Холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаад нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд албан бичгээр мэдэгдэнэ.
  • Хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах бол ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
  • Журмын 4 дүгээр хавсралтад заасан баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэт бүрдүүлж Хороонд ирүүлнэ.
  • Компанийн бизнес төлөвлөгөөг хэдэн жилээр боловсруулах вэ?
  • Бизнес төлөвлөгөөг хэдэн жилээр боловсруулахыг тухайн байгууллага өөрсдөө шийднэ.
  • Журамд дотоод хяналтын хөтөлбөр болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр ирүүлнэ гэж заасан байна. Үүнийг боловсруулахад юуг анхаарах вэ?
  • “Дотоод хяналтын хөтөлбөр болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөр” хэрхэн яаж боловсруулах зааврыг Санхүүгийн зохицуулах хороо гарган сайтад байршуулах тул тэр зааврыг ашиглаж болно. Хөтөлбөртөө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4т заасан асуудлуудыг заавал тусгана. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А-26 тоот тушаалаар баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д заасан асуудлуудыг бүрэн багтаасан байна.
  • Компанийн шинэчилсэн дүрмээ танайд өгөх үү?
  • Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах баримт бичиг бүрдүүлэхдээ шинэчилсэн дүрмийн төсөл болон одоо мөрдөж байгаа дүрмээ хоёуланг нь  Хороонд ирүүлнэ.
  • Хувь хүн,  тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт “ажлын байр” гэж заасан байна. Үүнд гэрийн хаяг байж болох уу. Явуулын ченжүүд бидэнд байнгын ажлын байр байдаггүй.
  • Гэрийн хаягаар бүртгүүлж болно.
  • Тусгай зөвшөөрөл авсан этгээд цаашид ямар ямар мэдээллийг  Хороонд өгөх вэ?
  •  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Хорооноос батлагдсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”ын долоон хавсралтад заасны дагуу холбогдох мэдээллийг ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл авахад ямар нэг төлбөр мөнгө төлөх үү?
  • Төлөхгүй.
  • Хувь иргэн бие даан энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаад шинээр аж ахуй нэгж байгуулан, 2020 оны 5 дугаар сарын 30ны дотор холбогдох баримт бичгийг бүрдүүлэх гэтэл заасан хугацаанд амжихгүй байна. Хэрэв энэ хугацаанд амжихгүй бол цаашид хүсэлтийг хүлээж авах уу?
  • Хорооны 2020 оны 150 дугаар тогтоолоор үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 30ны өдрийн дотор ирүүлэхийг  Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүд болон иргэдэд үүрэг болгосон. Шинээр байгуулагдсан хуулийн этгээдүүдийн хувьд цаашид холбогдох баримт бичгийг хуулийн дагуу хүлээж авна.

Одоо үйл ажиллагаа явуулж буй этгээдийн хувьд 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Хороонд ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдэхийг анхаарна уу.

  • Хуулийн этгээдийн хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтан нь гэрээт ажилтан байж болох уу? 
  • Заавал орон тооны ажилтан байх бөгөөд хавсран гүйцэтгэж болно.
  • Манай компанид гадаад орноос 20 сая төгрөгийн БЭЛЭН БУС орлого орж ирвэл үүнийг мэдээлэх үү?
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байгаа.
  • Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг  өөр төрлийн бизнестэй давхар эрхэлж болох уу?
  • Журмын 1.3-т “Арилжаа эрхлэх этгээдийн үйл ажиллагааг энэ журамд заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлнэ” гэж заасан тул үйл ажиллагааг өөр төрлийн бизнестэй давхар эрхэлж болохгүй.
  • Компанийхаа нийт хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгч гэж ойлгож байгаа зөв үү ?
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд эцсийн өмчлөгчийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

НЭГ. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”

ХОЁР. Хуулийн 3.1.6.б-д “харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг”

ГУРАВ. Хуулийн 3.1.6.в-д “хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” гэж заасан байдаг.

  • Улаанбаатар хотод үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхэлдэг компанийн хувьд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 10.000.000 /арван сая/ төгрөг гэжээ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох бичиг баримт, гарал үүслийн тодорхойлолтод юуг ойлгох вэ?
  • Танай компанийн хувьд хувь нийлүүлсэн хөрөнгө болох арван сая төгрөгийг хэрхэн бүрдүүлснээ нотлох баримт бичиг байна. Энэ нь хууль бусаар олсон орлого биш гэдгийг л нотлох ёстой гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь: хадгаламжаасаа бүрдүүлсэн бол хадгаламжийн дэвтэр, банкны хуулга, компани ашгаасаа бүрдүүлсэн бол тайлан баланс, ногдол ашиг авсан баримт, холбогдох шийдвэр, орон байр, машин тэргээ зараад бүрдүүлсэн бол худалдах худалдан авах гэрээ, татвар төлсөн баримт бичиг гэх мэт..........
  • Тусгай зөвшөөрлийн бүрдүүлсэн материалаа заавал цаасаар өгөх үү?
  • Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгийг цаасаар ирүүлж болно.

Мөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох баримт бичгийг Зөвшөөрлийн цахим системээр хүлээн авч эхэлсэн. Тоон гарын үсэгтэй хуулийн этгээдийн хувьд цаасаар өгөх шаардлагагүй.

  • Цахимаар тусгай зөвшөөрлийн материалыг Хороонд хүргүүлэхдээ ямар цахим гарын  үсгийг хэрэглэх вэ? 
  • Монпасс СА тоон гарын үсгийн хэрэглэж болно.
  • Тусгай зөвшөөрлийн журам танай цахим хуудасны хаана байршиж байгаа вэ. Журмын хавсралтуудыг гараар бөглөх үү?
  • Frc.mn цахим хуудасны “Зохицуулалтын салбарууд” цэсний “Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл” талбарт байршуулсан. Энд дарж орно уу.

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО