САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-04-15 09:49

Санхүүгийн зохицуулах хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагааны тайлангаа жил тутам Улсын Их Хуралд тайлагнадаг билээ.  

УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, бичил санхүүгийн зах зээлийн 2019 оны гол үзүүлэлтүүд, тэдгээрийн өөрчлөлт, зохицуулалт, хяналтын чиглэлээр хийгдсэн арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Мөн 2020 онд хэрэгжүүлж эхлээд буй томоохон арга хэмжээнүүд болон  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гол ажлуудынхаа талаар мэдээллээ.  

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийн гарал үүслийг хэрхэн хянаж байгаа, зээлийн үйлчилгээний өртгийг бууруулах, санхүүгийн хэрэглэгч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар мөнгө хүүлэлтийн эсрэг болон санхүүгийн бус мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, зөвшөөрөл олгох, бүртгэх, хяналт шалгалт хийх үйл ажиллагаандаа техник, технологи ашиглах талаар асуулт асууж, санал хэлэв.

Түүнчлэн зарим гишүүд олон жилийн хугацаанд шийдэгдээгүй байсан хөрөнгийн зах зээлийн арилжааны төлбөр тооцооны Т+2 шинэ горимд шилжсэн болон корона вирус /COVID-19/-ын нөхцөл байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг шуурхай авч, хэрэгжүүлэн ажиллаж байгааг сайшаан дэмжлээ.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.