ББСБ, ХЗХ-ДЫН АНХААРАЛД

2020-04-17 04:52

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөх үүрэгтэй.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А-57 дугаар тушаалаар "Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн журам"-ыг шинэчлэн баталсантай холбоотойгоор Монголбанкнаас мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг нэгдсэн журмаар шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулж байна. Иймд ББСБ, ХЗХ-д "Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээ" болон "Нууцын баталгаа"-г тус бүр 3 хувь үйлдэж 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор Монголбанкны Зээлийн мэдээллийн албанд хүргүүлэх шаардлагатай байна.

Дагалдах баримт бичгийг дараах байдлаар бүрдүүлэхийг анхаарна уу. Үүнд:

  1. Монголбанкны зээлийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох тухай албан хүсэлтэд ББСБ, ХЗХ-ны зээлийн мэдээллийн сан хариуцсан ажилтны овог нэр, санд мэдээлэл нийлүүлэх програмын нэр, суурин интернэтийн гадаад буюу "real IP" хаягийн дугаарыг тусгана.
  2. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын хуулбар болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус хавсаргана.
  3. Зээлийн мэдээллийн тухай хууль, "Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн журам"-ын хавсралт болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 144/125, 145/124 дүгээр хамтарсан тушаалаар тус тус баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам", "Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д үндэслэн ББСБ, ХЗХ-ны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, лавлагаа авах дотоод үйл ажиллагааг зохицуулсан журмын баталгаажуулсан хуулбарыг зээлийн мэдээллийн сан хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтын хамт тус тус өгнө.

Заасан хугацаанд Монголбанкны зээлийн мэдээллийн сантай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдэх тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана уу.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А-106 дугаар тушаалын дагуу "Зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээний шимтгэл"-ийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх байсныг Монголбанкинд Санхүүгийн зохицуулах хорооноос хойшлуулах хүсэлт хүргүүлж 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсныг үүгээр мэдээлж байна.