ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАГЧ КОМПАНИУД ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

2020-05-01 10:18

Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллага /ФАТФ/-ын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад орсон тул дээрх чиглэлийн бодлого стратеги, зохицуулалтыг сайжруулах зорилтын хүрээнд УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагын хүний нөөц, ажлын байр, тоног төхөөрөмж, санхүүгийн чадамж болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах зарчим, нөхцөл шаардлагыг тухайн салбарт оролцогчдын онцлогт нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг баталсан. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлсэн компаниудаас хууль тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангасан анхдагч 8 хуулийн этгээдэд Хорооны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаж, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон бусад удирдлагууд гардууллаа.

Гэрчилгээг гардуулах үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.БаярсайханМөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд салбар бүрийг хамарсан, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Энэхүү шаардлагын хүрээнд төр засгаас хэрэгжүүлж буй ажлыг холбогдох мэргэжлийн холбоод, хуулийн этгээд, ард иргэд та бүхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаад баяртай байна. Хорооноос салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрх зүйн орчинг бий болгохоор шинээр зохицуулалтад хамрагдаж буй 2 салбарын хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Хуулийн төслийг боловсруулах, олон нийтэд хэлэлцүүлэх зэрэг ажилд энэ салбарт урт хугацаанд  үйл ажиллагаа эрхэлж, арвин туршлага хуримтлуулсан мэргэжилтэн та бүхэн идэвхтэй оролцож, ажил хэрэгч холбогдох саналыг ирүүлж хамтран ажиллахыг хүсье” гэж хэллээ.

Жич: Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл хүсэж буй хуулийн этгээд нь журамд заасан нөхцөл шаардлагын талаарх зөвлөгөө, мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.mn цахим хуудас болон 262604, 262607 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.