САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

2020-05-07 06:12

Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр аудитын болон хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд хийх сургалтыг “Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”, “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт”, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн арилжааны зуучлагчийн арилжаанд оролцогч брокерийн сургалтыг “Хөдөө, аж ахуйн гаралтай бараа түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо”-д сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар гэрээг тус тус байгууллаа.

Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлагаас үзэхэд төрийн зохицуулагч байгууллага нь өөрийгөө зохицуулах байгууллага, мэргэшсэн мэргэжлийн холбоодтой хамтран зах зээлд зохицуулалт, хяналт хийх хандлага давамгайлж байна. Хорооноос 3 мэргэшсэн мэргэжлийн холбоотой хамтран ажиллах гэрээг байгуулснаар хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн санхүүгийн шийдвэр гаргахад шаардлагатай тулгуур баримт бичиг болох аудит, хөрөнгийн үнэлгээний тайлагналыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, аудитын болон хөрөнгийн үнэлгээний компаниудын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, нээлттэй хувьцаат компани болон санхүүгийн байгууллагуудын засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоотой хамтран биржээр арилжаалагддаг бараа, түүхий эдийг шууд арилжааны хэлбэрээс үүсмэл санхүүгийн хэлбэрт шилжүүлэх, үнэ ханшийг дэлхийн зах зээлийн үнээр худалдах, худалдан авах нөхцөлийг бүрдүүлж, олон улсын стандартад нийцсэн агуулах, лабораторийн стандартыг нэвтрүүлж, мэргэшсэн брокеруудыг бий болгохыг тус тус зорьж байна.

Гэрээг үзэглэх үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц хэлэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх сонирхол нэмэгдэж байгаа бөгөөд УИХ-аас коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоол”-ыг 2020 онд батлаад байна. Энэхүү тогтоолын хүрээнд ил тод, нээлттэй олон нийтийн хяналттай банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр системийн ач холбогдолтой арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх эрх зүйн орчин бүрдэхээр байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийн хөгжил эрчимжиж, хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн  санхүүгийн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхтэй холбоотойгоор мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо дээшилж, өөрийн гишүүн байгууллагуудаар мэргэжлийн ёс зүйг хангуулж ажиллах, аудит, хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэн зөв, найдвартай байдлыг ханган олон улсын жишигт нийцүүлэхэд Та бүхний үүрэг оролцоо өндөр гэдгийг онцлов. 

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулах, Хорооны бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх зорилгоор Санхүүгийн боловсрол, сургалтын албыг шинээр байгуулж, санхүүгийн зах зээлд оролцогчдыг мэргэшүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр салбарын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна.

 

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гүйцэтгэх захирал Д.Нацагдорж

 

Хөдөө, аж ахуйн гаралтай бараа түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо-ны тэргүүн З.Эрдэнэхуяг

 

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын захирал Б.Энхболд