ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2020-05-15 07:58

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг баталсан. Дээрх тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийг тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Хороонд ирүүлэхийг үүрэг болгосон.

Дэлхий дахинд эрчимтэй тархаж буй коронавирус (Covid 19) халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар дээрх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгасан.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага” гэж заасанчлан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж, холбогдох баримт бичгийг нийт 164 компаниас Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 08 дугаар болон 09 дүгээр хуралдаанаар холбогдох хууль, тогтоомжийн нөхцөл шаардлагыг хангасан 24 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэр бүхий нийт 24 брокер, 257 агентууд /энэ линкээс үзэх/-ыг Санхүүгийн зохицуулах хорооны нэгдсэн бүртгэлд бүртгэлээ.

Цаашид Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, брокер, агент өөрчлөгдөх тухай шийдвэр гарах бүрд брокер, агентуудын мэдээллийг шинэчлэн, олон нийтэд мэдээлэх болно.

Иймд иргэд Та бүхэнд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан компаниуд болон бүртгэлтэй брокер, агентуудаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО