ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

2020-05-21 01:04

Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотой Улсын онцгой комиссын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу Хороо 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаар хуралдаанаас эхлэн бүх хуралдаанаа “онлайн видео хурал” хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд Хорооны ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр мөн онлайн хэлбэрээр болж 58 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдаанаар үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч болон хадгаламж зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийг сэргээх, сунгах, хүчингүй болгох асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа явуулсан бол үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага” гэж заасанчлан үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт 169 компаниас ирүүлснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуу хянаж, хууль, тогтоомжийн нөхцөл шаардлага хангасан 24 хуулийн этгээдэд Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар тусгай зөвшөөрөл олгоод байсан бол 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар 37 хуулийн этгээдэд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авах хугацааг коронавируст (Covid 19) халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд сунгасан тул үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эсхүл худалдах аливаа ажиллагаа эрхэлж буй этгээд нь хүсэлт, холбогдох баримт бичгийг дээр дурдсан хугацаанд ирүүлэхийг анхааруулж байна.

Холбогдох хүсэлт, баримт материалыг цахим хэлбэрээр /энд дарна уу/ хүлээн авч байгаа болно.

 

Санхүүгийн зохицуулах хороо

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.