САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН СОРИЛТЫГ БОЛОМЖ БОЛГОХ БОЛОМЖТОЙГ ОНЦОЛЛОО

2020-05-25 09:01

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр 2020 оны хамгийн анхны IPO буюу олон нийтэд шинээр гарч буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр Хорооны дарга хэлсэн үгэндээ тэрээр “Дэлхий даяар тархаад буй COVID-19 цар тахал манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, хөрөнгийн захын үзүүлэлтүүд унаж, бид томоохон сорилттой тулгарч байгаа хэдий ч нөгөө талаараа хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагчид сорилтыг боломж болгох бололцоо байгаа гэдгийг онцолмоор байна. “Бодь даатгал” ХХК нь үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж, анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн нь хөрөнгийн зах зээлд хувьцаа, бондоо гарган санхүүжилт татахаар төлөвлөж буй бусад аж ахуйн нэгжүүдийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж, боломж бололцоо байгааг харуулсан үйл явдал болж байна” хэмээн онцолсон.

Банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн санхүүгийн 3 үндсэн тулгуур салбарууд хоорондоо өрсөлдөж бус хамтран ажиллаж нийт эдийн засаг, санхүүгийн зах зээлээ хөгжүүлж байдаг. Даатгалын компани хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаат компани болж байгаа нь үүний нэг жишээ юм. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд банкны салбарыг эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй банкны тогтолцоог хөгжүүлэх ажлын хүрээнд банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх талаар шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг бэлтгэхийг холбогдох эрх бүхий байгууллагуудад даалгасан. Ингэснээр банк, даатгал, хөрөнгийн зах зээлүүд харилцан уялдаатай хамтран ажиллаж, цаашид манай улсын санхүүгийн салбарыг эрүүл, ил тод, тогтвортой өсөлттэй болгох нөхцөл бүрдэх юм.

Хувьцааны зах зээлийн нийт арилжааны дүн 2018 онд 210 тэрбум төгрөг хүрсэн нь сүүлийн 27 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон бол 2019 оны нийт 4 компанийн 42.6 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа явагдсан байна.

Хороо 2019 оны 12 дугаар сард “Бодь даатгал” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгэж, нийт хувьцааны 20 хувийг олон нийтэд санал болгон гаргах замаар 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.

“Бодь даатгал” ХХК-ийн үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж хувьцаат компани болох үйл ажиллагаанд андеррайтерийн компаниар “Би Ди Сек ҮЦК” ХК, аудитын компаниар “БДО Аудит” ХХК, хөрөнгийн үнэлгээний компаниар “Гэрэгэ Эстимэйт” ХХК, хуулийн компаниар Өмгөөллийн “ИЭлСи” ХХН нар тус тус ажиллажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.