ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2020-05-26 15:26

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчид болон үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж, зохицуулахаар болсон. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн эрсдэлд суурилсан хяналт шалгалтад түлхүү анхаарах чиглэлийг өгсөнтэй холбоотой Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллийн сан бүрдүүлэх, эрсдэлийн үнэлгээг авч хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, мэдээлэл түгээх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос Үндэсний статистикийн хороотой 2019 оны 12 дугаар сард Хорооны зохицуулалтад шинээр нэмэгдсэн санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчид, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилгоор хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.

Үүний дагуу 2020 оны 4 дүгээр сард үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, бизнесийн регистрт бүртгэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх ажлыг нийслэл, нийт аймаг, дүүрэг, сумдыг хамруулан улс орон даяар Үндэсний статистикийн хорооны 175 гаруй албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.

Үндэсний статистикийн хорооноос судалгааны ажлын урьдчилсан үр дүнг Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан хаагчдад 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр танилцууллаа.

Дээрх этгээдүүдийг илрүүлэхээс гадна ФАТФ-ын стандарт буюу 20 сая төгрөгөөс дээшхи бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн /хийдэг/ этгээдүүдийг тодорхойлох,  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг мөрдүүлэх тухай мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр түгээх, эрсдэлийн түвшинг асуулгаар үнэлэх зэрэг өндөр ач холбогдол бүхий судалгаа болсон гэж Санхүүгийн зохицуулах хороо үнэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.