КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХАНДЛАГА

2020-06-19 02:46

Компанийн засаглалын дэлхий нийтийн 2020 оны хандлагыг тодорхойлохын тулд Russell Reynolds холбооноос 40 гаруй мэргэжлийн ба идэвхтэй хөрөнгө оруулагчид, тэтгэврийн сангийн менежерүүд, итгэмжлэгдсэн зөвлөхүүд болон компанийн засаглалын мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэхүү хэлэлцүүлэг, судалгааны үр дүнгээс дор дурдсан 5 асуудал энэ жилийн хандлагыг тодорхойлохоор байна. Үүнд:

1. Байгаль орчин болон нийгмийн асуудал:  Өмнө нь бид сайн засаглалыг бий болгоход онцгой ач холбогдол өгдөг байсан бол одоо хөрөнгө оруулагчдын хувьд байгаль орчин болон нийгмийн хариуцлага нь хамгийн түрүүнд авч үзэх буюу дэлхийн хэмжээний асуудал болоод байна. Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) болон гүйцэтгэх удирдлагууд өөрсдийн бизнест чухал холбогдолтой асуудал болох байгаль орчин болон нийгмийн хариуцлагын асуудлыг хэрхэн тодорхойлох, нэгтгэх, хяналт тавих, тайлагнахад түлхүү анхаарна.

2. Компанийн зорилго, зорилтын ач холбогдол: Компанийн зорилго, оролцогч талуудын санал бодол нь хэдэн арван жилийн турш бизнесийн хэм хэмжээ болсоор ирсэн. Өнгөрсөн 8 дугаар сард АНУ-ын Business Roundtable холбооны 188 гишүүдийн 181 нь байгууллагын зорилгын талаар нэмэлт өөрчлөлт оруулсан мэдэгдэл бүхий баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд хувьцаа эзэмшигчийн өгөөжийг хамгийн их байлгах гэсэн уламжлалт үзлийг хойш нь тавьжээ. Энэхүү бодлогын баримт бичигт бүх оролцогч талуудын эрхийг хангах нь илүү чухал зорилго гэж үзсэн байна. Үүнийг бүгд компаниуд практикт нэвтрүүлэхэд хүндрэлтэй, эргэлзээтэй боловч олон улс орны олон нийтийн санаа бодол хувьцаа эзэмшигчийн хэт давуу эрхийн эсрэг нэгэнт шилжээд байгаа юм.

3. Байгууллагын соёл, хүмүүн капиталын менежмент: Хөрөнгө оруулагчид эхний ээлжинд сөрөг өөрчлөлт, шинэчлэлийг давж чадахуйц бат бөх байгууллагын соёлыг бүрдүүлэх, байгууллагын соёл, хүмүүн капиталын менежментэд тавигдаж буй хяналттай холбоотой үйл ажиллагаагаа ил тод байлгахыг ТУЗ-өөс хүсэж байна.

Компанийн стратеги, зорилгыг амжилттай хэрэгжүүлэхэд байгууллагын соёл мөн чадварлаг ажилтнуудтай байх хэрэгтэй тул энэ онд ажилд авах, ажилтнуудаа хадгалж үлдэх, тэдний бүтээмж зэрэгт байгууллагын соёл хэрхэн нөлөөлж буйг үнэлэх шаардлагатай.

4. ТУЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн: Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэхийн хэрээр жендэрийн ялгаатай байдлыг шаардах болсон бөгөөд нэлээн алхмууд ч хийгдсэн байдаг. Энэ онд угсаа гарал, арьсны өнгө зэрэг олон төрөлжсөн байдалтай байх шаардлага үүсч байна. Гэвч эдгээр нь улс орон бүрд харилцан адилгүй аж. Зарим оронд ТУЗ болон удирдлагын үндэс угсаа, арьсны өнгийн талаар мэдээллийг ил болгохыг шаарддаг ч энэ талаар мэдээлэл цуглуулах нь хууль бус эсвэл хатуу зохицуулалттай байдаг тул энэ хандлагыг дэлгэрүүлэх нь амар биш юм.

5. Компаниуд илүү өргөн хүрээний идэвхтэй байдалтай тулгарна: Дэлхий даяар хөрөнгө оруулагчдын идэвхжил хувьсан жилээс жилд өөрчлөгдөж буй хэв маяг, хандлагыг бий болгож байна. Зарим оронд уур амьсгалын эрсдэлтэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн хөдөлгөөн олон нийтийн анхаарлыг татаж, удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлж байсан. Эдгээр нөхцөл байдалд бэлтгэхийн тулд ТУЗ-ийн үйл ажиллагаа, гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөх замаар үр ашгаа дээшлүүлэх боломжтой.

Эх сурвалж: Харвардын Хуулийн сургуулийн компанийн засаглалын форум 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.