ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ МЭДЭГДЭЛ

2020-06-23 08:52

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг.

Ингэхдээ дээрх хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, уг журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Хороонд бүртгэлтэй хувьцаат компаниудаас өнөөдрийн байдлаар 163 хувьцаат компани 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай хурлын мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд 136 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр холбогдох материалыг Хороонд ирүүлж, 4 хувьцаат компанийн хурал хойшлогдож, 23 хувьцаат компани хувьцаат компанийн хурлын шийдвэр, холбогдох материалыг ирүүлээгүй байна.

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.