ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШИГ ТАРААХААР ШИЙДВЭРЛЭСЭН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2020-06-23 09:21

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу 2020 онд нэр бүхий 31 ХК-аас 4,782,156,399.2 ширхэг хувьцаанд ногдох нийт 94,215,739,958.75 төгрөгийн ногдол ашиг тараахаар ТУЗ-ийн шийдвэрийг Хороонд ирүүлсэн.

Нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашгийн хэмжээг харвал “Гутал” ХК нэгж хувьцаанд 1,520 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хамгийн өндөр, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Монос хүнс” ХК-ууд нэгж хувьцаанд 1 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хамгийн бага ногдол ашиг хуваарилсан байна.

Мөн ногдол ашгийг олгохоор зарласан мөнгөн дүнгээр үзвэл "АПУ" ХК нь хамгийн өндөр дүн буюу 75,556,890,263 төгрөг, харин "Хөвсгөл хүнс" ХК нь хамгийн бага дүн буюу 791,460 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.

2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай нэр бүхий 8 ХК гэрээ байгуулж, 16,507 хувьцаа эзэмшигчийн 315,026,761 ширхэг хувьцаанд ногдох нийт 4,321,398,646.1 төгрөгийг байршуулж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараасан байна.

Хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд заасны дагуу бэлэн мөнгө эсхүл компанийн хувьцаа болон бусад этгээдийн үнэт цаас хэлбэрээр хуваарилсан ногдол ашгийг зөвхөн эрх бүхий зуучлагч байгууллага болох “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан ногдол ашиг хуваарилах гэрээний үндсэн дээр тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудын удирдлагуудад үүрэг болгосон.

Үүний дагуу “ҮЦТХТ” ХХК-тай гэрээ байгуулаагүй нэр бүхий ХК-д Хорооноос мэдэгдэл хүргүүлсэн.

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.