ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

2020-06-30 02:06

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 12 дугаар хуралдаан болж 48 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 

Улсын Их Хурал 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоолд тусгагдсан Хорооны хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тухайлбал, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн “Юу Би сити хаусинг девелопмент” ХХК нь “Носк нэг ТЗК” ХХК-ийн гаргах түрээслээд өмчлөх нөхцөлтэй үл хөдлөх хөрөнгөд суурилсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг итгэмжлэн удирдах үйлчилгээ үзүүлэхээр боллоо.  

“Сүү” ХК-ийн нэмж гаргаж буй 85,589,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэж, тус компанийн нийт гаргасан хувьцааг 429,589,000 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Энэхүү нэмж гаргаж буй хувьцааны 77,030,100 ширхэгийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 8,558,900 ширхэгийг олон нийтэд арилжих бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйлдвэрийн сүү хүлээн авах хэсэг болон боловсруулах цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх ажлыг гүйцэтгэх юм.

Мөн хуралдаанаар Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталлаа. Энэ журмаар гадаад валютын арилжаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагууд цахим татварын систем, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг ашиглаж, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, харилцагчдад НӨАТ-ын сугалаанд оролцох баримт олгох, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, мэдээ, тайланг зохицуулагч байгууллагад хүргүүлэх давуу талыг олгож байгаа бол Хороонд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, мэдээ, тайланг үнэн зөв гаргуулж хүлээн авах, хянах, нэгтгэх ажлыг эрчимжүүлэх юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр үл хөдлөх хөрөнгө зуучлал, мөн үнэт металл, үнэт чулууны арилжааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж, Хорооны зохицуулалтад оруулсан. Энэ хуралдаанаар Хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор баталсан Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам-ын хүрээнд нэмж 12 компанид, 150 дугаар тогтоолоор баталсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 159 иргэн, 1 хуулийн этгээдэд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 103 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, 267 үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн, 8 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл аваад байна.

 

Санхүүгийн зохицуулах хороо

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.