ФАТФ-ААС МОНГОЛ УЛСЫГ ҮҮРЭГ ДААЛГАВРАА БИЕЛҮҮЛСНИЙГ МЭДЭГДЭВ

2020-07-01 08:55

Ковид-19 халдварын тархалттай холбоотой ФАТФ /Санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага/-аас үнэлгээ хийх процессыг нэг улирлаар хойшлуулсан хэдий ч Монгол Улсаас тайлангийн хамгаалалтыг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг удаа дараа хүргүүлсний үр дүнд, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлангийн хамгаалалтыг цахимаар хийж, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд өгсөн даалгаврын биелэлтийг амжилттай тайлагнаж, ФАТФ-аас үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн тухай мэдээллийг өгсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ .

ФАТФ  өөрийн өндөр дээд түвшний 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлаараа  манай улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахтай холбоотой өгсөн үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлж дууссаныг баталж, 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсанд нийтлэв.  Үүнд:

(1) Санхүүгийн зохицуулах хороо болон бусад Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулагчид байгууллагын эрсдэлийг ойлгож, эрсдэлийн түвшинд тохируулж хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тодорхойлж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тохирсон, давтан үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ногдуулсан;

(2) Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлсэн (тодорхойлсон эрсдэлтэй уялдсан байх);

(3) Хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлж нэвтрүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авсан;

(4) Хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулсан;

(5) Санхүүгийн байгууллагууд болон Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг хянах, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авсан.

ФАТФ-аас Монгол Улс үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлсэн тул Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, газар дээрх үзлэгийг боломжит хамгийн ойрын хугацаанд зохион байгуулахыг мэдэгдэв.

Албан бус орчуулгатай эндээс танилцана уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.