ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2020-07-06 09:56

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад нэмэлт оруулснаар үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулсан бөгөөд зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

Дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам” батлагдаж, үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдийг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлэхийг үүрэг болгож, Хорооны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэг удаа сунгасан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

Тогтоолд заасан хугацаанд 41 хуулийн этгээд, 345 иргэн, нийт 386 этгээд хүсэлтээ ирүүлснээс Хорооны хуралдаанаар 8  хуулийн этгээд 267 иргэд /www.frc.mn / үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна.

Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгосон дээрх 267 иргэнээс үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 71 иргэн, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 153 иргэн, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 43 иргэнд тус тус тусгай зөвшөөрөл, үнэмлэх олгоод байна.

Түүнчлэн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар Хороонд 33 хуулийн этгээд, 78 иргэн хандсан /www.frc.mn/ бөгөөд холбогдох хууль, журмын дагуу хянагдаж байна.

Цаашид тусгай зөвшөөрөлгүй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааг эрхэлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ авах нөхцөл үүсэхийг анхааруулж байна.

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

hh (202.180.220.176) 2020-07-23 13:13:25
hh