ГУДАМЖИНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ВАЛЮТЫН АРИЛЖАА ХИЙДЭГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО

2020-07-07 06:41

     /Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Ахлах зөвлөх А.Баянмөнх/

Өнгөрсөн 6 дугаар сард Санхүүгийн зохицуулах хороо гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-уудын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тодорхойлсон журам баталж гаргасан. Уг журмыг батлах болсон хэрэгцээ, шаардлага юу байсан талаар ярилцлагаа эхлүүлье.

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь одоогийн валютын арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааны эрсдэлтэй холбоотой. Ийм ч учраас саарал жагсаалтаас гарах ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо газар дээрх хяналт шалгалтыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 20-оос 24-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, олны нэршиж заншсанаар төмөрчний гудамжин дахь найман шаргад валютын арилжаа эрхэлж байгаа нэр бүхий 21 ББСБ-д мөнгөн хөрөнгийн бүтцийг нь тодорхойлох, валютын арилжаа эрхлэх нөхцөл, шаардлагын хэрэгжилт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүргийн биелэлтийг хангаж ажиллаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны хамтарсан газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Шалгалтаар гадаад валютыг худалдах, худалдан авах тухай бүр баримт үйлдэж, тооцооллыг хийх боломжтой санхүүгийн програм, кассын машинтай байх шаардлага хангаагүй, кассын машинтай гэх боловч гацдаг, эвдэрсэн, ажиллуулж мэдэхгүй гэсэн шалтгаанаар бүрэн ашигладаггүй, валют худалдаж, худалдан авч байгаа иргэдэд зөвхөн баримт авахыг хүссэн тохиолдолд гараар баримт бичиж өгдөг, бэлэн мөнгөний тайлан хөтөлдөггүй, арилжаа хийсэн гүйлгээ орлого, зарлагын хөдөлгөөнийг гар дансаар хөтөлдөг, салбарын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн, өөрсдийн үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байрны хаягийг тодорхой мэдэхгүй байх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилт хангалтгүй, тухайлбал, харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, бэлэн мөнгөний болон сэжигтэй гүйлгээг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх үүргээ хэрэгжүүлдэггүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдлууд илэрсэн.

Дээрх шалгалтаас харахад Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргийн дагуу валютын арилжаа эрхлэгч ББСБ-уудын үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болох нь илүү тодорхой харагдсан.

Валютын зохицуулалтын тухай хуулиар Монгол Улс дахь аж ахуйн нэгж, байгууллагын валютын гүйлгээнд Засгийн газар, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо тус тусын хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хяналт тавих чиг үүрэгтэй. Гадаад валютын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулах, хяналт тавих, ББСБ-уудад тавигдах програм хангамжийн хэрэгжилтийг сайжруулах, харилцагчдын болон арилжааны мэдээг бүрэн авах зохицуулалтыг бий болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, Монголбанк, Татварын ерөнхий газар болон Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй тодорхой асуудлуудаар санал солилцон ажиллаж ирсэн.

Улмаар, хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу гадаад валютын арилжааг нэгдсэн бодлогоор зохицуулах, хяналт тавих, үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд бизнесийн таатай нөхцөлийг бүрдүүлэх, програм хангамжийг сайжруулах, харилцагчийг таньж мэдэх, нөгөө талаас төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, арилжаа хийж буй харилцагчдын мэдээлэл, арилжааны дүн мэдээг бүрэн авах, санхүүгийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус Хорооны 2020 оны ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг боловсруулан, Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлаад байна.

Тэгэхээр энэ журмын гол зохицуулалт, онцлог, ач холбогдлын талаар тодорхой дурдвал?

Журамд гадаад валютын арилжаа эрхлэх ББСБ-ын ажлын байранд болон үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тогтоож өгсөн. Мөн татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд холбогдож, харилцагчид цахим төлбөрийн баримт олгодог байх, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдож харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гадаад валютын арилжааг пос төхөөрөмж, бэлэн бус гүйлгээгээр хийх тохиолдолд ББСБ-ын арилжааны банкан дахь харилцах данснаас бусад дансыг ашиглахгүй байх зэрэг зохицуулалтуудыг тусгаж өгснөөрөө онцлогтой.

Ярилцлагын эхэнд дурдсан хамтарсан хяналт шалгалтын үеэр ч шалгалтад хамрагдсан ББСБ-уудаас зохицуулагч байгууллага буюу төрийн байгууллагад хандан Үндэсний дата төвийн “ХУР” системд холбогдоход төлбөр хэт өндөр байгаа тул хувийн хэвшил дангаараа хөөцөлдөх нь төвөгтэй байдлыг бий болгож байгаа, арилжаа хийх үед харилцагчаас иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг шаардахад харилцагч зөвшөөрөхгүй, үйлчлүүлэхээс цааргалах явдал нийтлэг байдаг тул “ХУР” системтэй Санхүүгийн зохицуулах хорооноос нэгдсэн байдлаар зохицуулагч байгууллагуудаа холбох талаар арга хэмжээ авснаар дээрх хүндрэл гарахгүйгээр үйлчилгээ явагдах, нөгөө талдаа харилцагчийг таньж мэдэх ажиллагаа давхар явагдах сайн талтай талаар тодорхой асуудлуудаар бидэнд хандаж байсан. Тэгэхээр энэ журам нь ач холбогдлын хувьд дан ганц төрийн байгууллагын хяналт, зохицуулалтын арга хэмжээ болохоос гадна арилжаа эрхлэгч байгууллагуудын хүсэл зорилгод нийцсэн баримт бичиг болсон гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй.

ББСБ-ыг цахим төлбөрийн баримтын системд холбосноор нэг талаас тайлан мэдээг үнэн зөв, иж бүрэн хүлээн авах, цаашид ББСБ-уудын сарын мэдээ, тайлан гаргах техник ажилбарыг халах, нөгөөтэйгүүр, валютын арилжаа хийх тухай бүр бэлэн болон бэлэн бус гүйлгээний анхан шатны баримт үйлдэх ажлыг хөнгөвчлөх, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг олон талын давуу байдлыг бий болгохоос гадна иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд НӨАТ-ын буцаан олголтын тохирол, сугалаанд оролцох боломжийг бүрдүүлэх, цаашилбал далд эдийн засгийг ил болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон. Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг ашигласнаар валют арилжаа эрхлэгч ББСБ-ууд нь төрийн мэдээллээс үнэ төлбөргүйгээр харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг хөнгөвчилж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, нөгөө талаас харилцагчийн мэдээллийг үнэн зөв нийлүүлэх, хянах боломж бүрдэх юм. Мөн хувийн дансаар дамжуулан арилжаа хийх, санхүүгийн тайланд бүртгэлгүй, зөвшөөрөгдөөгүй мөнгөн хөрөнгөөр арилжаа хийхгүй байх нөхцөлийг бүрдүүлснээр ББСБ-уудын санхүүгийн сахилга бат сайжрах, орлого, зардлаа үнэн бодитой тодорхойлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

Журамтай холбогдуулан валютын арилжаа эрхэлж байгаа ББСБ-уудад хандан хүргүүлэх зөвлөмж, анхааруулах асуудал байгаа байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Цахим төлбөрийн баримтын системд холбогдоход эн тэргүүнд интернэт орчинд холбогдсон компьютертэй байх шаардлагатай. Мөн хурууний хээгээр үйлчлүүлэгч иргэдийг таньж мэдэх төхөөрөмж, татварын тохирол, сугалаанд оролцох боломж нөхцөлийг хангахын тулд е-баримт хэвлэх төхөөрөмж шаардлагатай болно. Эдгээрээс ББСБ-ууд нь Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагуудад санхүүгийн тайлан болон холбогдох сар, улирал, жилийн мэдээ, мэдээллийг гаргаж хүргүүлдэг учраас интернэт орчинд холбогдсон компьютертай байх шаардлагыг бүгд хангах бүрэн боломжтой. Харин хурууны хээ уншигч төхөөрөмжийн хувьд дунджаар 100,000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Тэгэхээр өөрийн регистрийн дугаар, татварын системд тайлан илгээхдээ ашигладаг нууц үгийг ашиглан нэвтэрч хурууны хээ уншигч төхөөрөмж, хэвлэгч машин худалдан авч ашигласнаар журмын хэрэгжилтийг ханган ажиллах боломжтой болох юм. Нэмж хэлэхэд энэ журмыг мөрдөн ажилласнаар гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-уудын хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, цаашилбал, үндэсний хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Валют худалдаж, худалдан авч байгаа иргэд е-баримтаа заавал шаардах эрхтэй, валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч баримтыг заавал хэвлэн өгөх үүрэг хүлээнэ.

Цаашид журмын хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар ямар ажлууд хийгдэх вэ?

Эн тэргүүнд журам батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зохих арга хэмжээг үр дүнтэй, шуурхай авч хэрэгжүүлэн ажиллах болно.

“Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” батлагдан, цаашид мөрдөн ажилласнаар валют арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд бодитойгоор эерэг үр дүнгүүд гарна гэсэн хүлээлттэй байна, эерэг үр дүнг богино хугацаанд гаргахын төлөө бид чармайн ажиллах болно. Энэ хүрээнд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Бусад эрх бүхий төрийн байгууллагууд, тэр дундаа найман шарга дахь валют арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааг цэгцлэх хүрээнд Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй нягт хамтран ажиллаж байна. Ямар ч байсан гудамжинд, зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа хийдэг байдлыг таслан зогсоох болно. Гадаад валютын арилжаа бол хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд аюулгүй байдлыг хангасан тодорхой нөхцөл шаардлага бүхий ажлын байртай, техник, тоног төхөөрөмжийн шаардлага хангасан, зохих бүртгэлийн системд бүртгэгдсэн, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүрэг хүлээсэн хуулийн этгээдийн эрхэлдэг санхүүгийн үйлчилгээ. Энэ ч утгаараа уг үйлчилгээг хэн дуртай нь эрхлээд байдаг юм биш гэдгийг хаана хаанаа ойлгож, анхаарах нь чухал.

Ярилцсанд баярлалаа!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

ha (202.180.220.176) 2020-07-09 11:30:13
zow