ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН СОНГУУЛЬТ ГИШҮҮДЭД СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

2020-08-04 07:37

Хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын 2.1.12-т “ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал нь сонгогдож, томилогдсоноос хойш 6 сарын хугацаанд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх” гэж заасан нийтлэг шаардлагын дагуу Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооноос Хороотой хамтран сургалтыг зохион байгуулдаг.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс уг сургалт завсарлаад байсан бол хөл хорионы дэглэмд тохируулан цөөн тооны оролцогчтойгоор 7 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулж, ХЗХ-дын гүйцэтгэх захирлууд хамрагдан сертификатаа гардан авлаа.

Сургалтын агуулгад хадгаламж зээлийн хоршооны онцлог, өнөөгийн байдал, суурь зарчмууд, хяналтын зөвлөл, тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, ёс зүй, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, зээлийн мэдээллийн сан, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, комплайнс зэрэг сэдвүүд багтсан.

Журамд заасны дагуу нийт хадгаламж, зээлийн хоршоодын сонгуульт гишүүд болон гүйцэтгэх удирдлагууд тус сургалтад хамрагдах шаардлагатай бөгөөд нийт 207 сонгуульт гишүүд, гүйцэтгэх захирал хамрагдаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.