ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ХӨРВҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЖ, ХАДГАЛАМЖИЙН БИЧИГ ГАРГАХТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦААГ ШИНЭЧИЛЛЭЭ

2020-08-12 11:24

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 14 дүгээр хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч болон хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн бодлого, зохицуулалтыг олон улсын жишиг, хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж боловсронгуй болгох, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна.

Энэхүү ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих тухай журам”-ыг шинэчлэн баталсан бол “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Монгол Улсын хадгаламжийн бичиг гаргахтай холбоотой одоогийн нарийвчилсан зохицуулалтын харилцааг олон улсын жишиг, зах зээлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан шинэчлэн найрууллаа. Хадгаламжийн бичиг нь гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааг хямд зардлаар шууд худалдан авах боломж бололцоог олгодгоос гадна хадгаламжийн бичиг гаргагч компани урт хугацааны нэмэлт санхүүжилт татах, компанийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлд нэвтрэх, хувьцааны хөрвөх чадварыг сайжруулах зэрэг давуу талтай онцлог бүтээгдэхүүн юм.

Харин үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулсан журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гадаад улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй манай улсын томоохон компаниуд хувьцаагаа давхар арилжаалах, уг ажиллагаатай холбоотой бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэх, дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дорвитой хэмжээнд нэмэгдүүлэх, хувьцааны хөрвөх чадварыг сайжруулах, бирж хоорондын хувьцааны хөрвүүлэлтийг хийх зэрэг томоохон зохицуулалтын өөрчлөлтийг бий болгох боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага болон хөрөнгө оруулагчдын дунд давхар бүртгэл, бирж хоорондын хувьцааны арилжаатай холбоотой үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэсэн чухал бодлогын алхам боллоо. 

Дээрх хоёр журам батлагдсанаар гадаадын болон дотоодын зах зээл хооронд үнэт цаас хөрвүүлж арилжаалах, хадгаламжийн бичгийг үнэт цаасанд хөрвүүлэх, бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаанд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон арилжаа эрхлэх байгууллагын үүрэг оролцоо, хариуцлага нэмэгдэж байна.

 

Санхүүгийн зохицуулах хороо 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.