ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

2020-08-26 08:58

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 15 дугаар хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч болон хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг нийт 21 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар нэр бүхий хоёр ББСБ-д банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор шийдвэрлэсэн бол Хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 6 компанид, 150 дугаар тогтоолоор баталсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж 9 иргэн, 2 хуулийн этгээдэд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар нийт 129 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компани, 353 үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн, 11 хуулийн этгээд тусгай зөвшөөрлөө аваад байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын санхүүгийн зах зээлд технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хурдтай нэвтэрч байгаатай холбогдуулан Хороо шаардлагатай судалгаануудыг тогтмол хийж ажиллаж байгаа бөгөөд “Сэндбокс” зохицуулалтын орчныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн “Сэндбокс зохицуулалтын  журам”-ын төслийг боловсруулж өнөөдрийн хуралдаанаар журмын төслийг танилцууллаа. “Сэндбокс”-ыг хэрэгжүүлснээр зохицуулагч байгууллагууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, финтекийн талаарх илүү гүнзгий ойлголт, туршлагатай болж, зах зээлд оролцогчид зохицуулалт, хууль эрх зүйн орчинтой танилцахаас гадна нэвтэрч буй зах зээлээ бүрэн таних, хохирол багатайгаар бодит орчинд үйл ажиллагаагаа турших боломжийг нээж өгдөг учраас финтекийн хөгжлөөр тэргүүлж буй улс орнууд “Сэндбокс” орчныг зохицуулалтын оновчтой арга хэрэгсэл гэж үзэж байна.

Түүнчлэн Хороо “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийн үндэсний стратеги”-ийн төслийг боловсруулж өнөөдрийн хуралдаанаар мөн танилцууллаа. Манай улсын санхүүгийн зах зээл дээрх санхүүжилтийн бүтээгдэхүүний үнэ өндөр, иргэдийн санхүүгийн зах зээл, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдлэг бага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нөхцөлд тохирсон санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж хомс байгаа зэрэг нь энэ стратегийг боловсруулах үндэслэл болсон юм. Санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирснаар шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх, үйлчилгээний үнэ буурах, түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэж санхүүгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм.

Дээрх хоёр баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар танилцуулахаар шийдвэрлэлээ.

 

 

Санхүүгийн зохицуулах хороо

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.