МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДҮҮДИЙН III УЛИРАЛД ИРҮҮЛЭХ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, КОМПЛАЙНСЫН ТАЙЛАНГИЙН ЗААВАРЧИЛГАА

2020-09-28 04:11

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.8-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг Хорооноос хийж байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтад шаардагдах мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, салбарын мэдлэгийн ерөнхий түвшинг тогтоох, цаашдын сургалтын хөтөлбөрийн агуулга боловсруулах, эрсдэлийг үнэлэх зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг google form ашиглан 4 дэх удаагаа явуулж байна. 

Түүнчлэн “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын 2 дугаар хавсралтад заасан “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны тоон болон чанарын өгөгдөл цуглуулах маягт” /комплайнсын тайлан/-ыг тус журмын 9 дүгээр зүйлийн .6 дахь заалтад заасны дагуу сар бүрийн 10-ны өдөр хавсралтаар баталсан тайлангийн загварын дагуу, Хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдүүд бөглөж ирүүлэх шаардлагатай. Иймд салбарын эрсдэлийн үнэлгээний асуулга болон комплайнсын тайланг үнэн зөвөөр заасан хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөрт багтаан ирүүлж хамтран ажиллахыг хүсье.

ЖИЧ: МУТС эрсдэлийн үнэлгээний асуулгыг Хорооны зохицуулалттай нийт салбарын оролцогчид, “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны тоон болон чанарын өгөгдөл цуглуулах маягт”-ыг Хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын оролцогчид Мөнгө угаахтай тэмцэх албаны и-мейл хаяг /amlctf@frc.mn/-аар бөглөж ирүүлнэ үү. 

МУТС эрсдэлийн үнэлгээний асуулгыг болон “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны тоон болон чанарын өгөгдөл цуглуулах маягт” /комплаенсын тайлан/-г дараах холбоосоор татаж авах боломжтой: 

  1. Даатгалын салбар

  2. Үнэт цаасны салбар

  3. ББСБ-уудын салбар

  4. ХЗХ-дын салбар

  5. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчдын салбар

  6. Үнэт металл, үнэт чулууны арилжааны салбар

 

Мөнгө угаахтай тэмцэх алба

Хяналт шалгалт, зохицуулалтын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.