ТӨСЛИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

2020-09-30 03:15

Санхүүгийн зохицуулах хорооноос Азийн хөгжлийн банктай хамтран хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийг хөгжүүлэх төслийн нэгдүгээр шатыг 2016-2018 онд хэрэгжүүлсэн. Харин төслийн хоёрдугаар шатыг бичил санхүүгийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх хүрээнд өргөтгөж, хадгаламж, зээлийн хоршооноос гадна банк бус санхүүгийн байгууллагын зах зээлийг хамруулж 2019-2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байсан. 

Гэвч дэлхий хэмжээнд цар тахал болон дэгдээд буй COVID-19-тай холбогдуулан тогтоосон хөл хорионы дэглэмээс үүдэж төслийн баримт бичигт тусгагдсан зарим ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон. Иймд төсөл хэрэгжүүлэгч хоёр тал зөвлөлдөөд төслийн дуусах хугацааг ирэх буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа.  

Энэ хугацаанд хадгаламж, зээлийн хоршооны салбар дахь дэд бүтцийг бүрдүүлэх, чадавхижуулах, бичил санхүүгийн салбар эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих зэрэг өмнө нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичгийг боловсруулах, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж, зээлийн хоршоонд хийх хяналт шалгалтын гарын авлагыг боловсруулж танилцуулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Narmandakh (202.180.220.176) 2020-09-30 12:39:46
сайхан мэдээ бна.