ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БОЛОН ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУНЫ, ЭСХҮЛ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2020-09-30 04:22

Улсын бүртгэлийн ерөнхий газраас есдүгээр сарын 29-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх үйл ажиллагааг хүчингүй болгосныг мэдэгдлээ.

УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тус тус нэмэлт оруулж үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр хуульчилсан. Үүний дагуу Хорооны 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”, 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг тус тус баталсан.

Хороо нь дээрх санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлжүүлэх ажлыг нэн даруй эхлүүлсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Хороонд ирүүлэхийг үүрэг болгож байсан. Иймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Хороонд ирүүлээгүй, улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдүүдийг есдүгээр сарын 21-ний өдрийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө харъяалах улсын бүртгэлийн байгуулагад ирүүлэх, дээрх хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хандаж холбогдох өөрчлөлтөө бүртгүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийг хүчингүйд тооцох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burgel.gov.mn цахим хуудаст байршуулан, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан.

Дээрх хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хандаж холбогдох өөрчлөлтөө бүртүүлээгүй 6,728 хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын, 230 хуулийн этгээдийн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх үйл ажиллагааг тус тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4,737 тоот дүгнэлтээр хүчингүй болгосон болохыг мэдээлж байна.

Дээрх хоёр үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн буюу тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан захиргааны арга хэмжээ авах нөхцөл үүсэхийг анхааруулж байна.

Жагсаалттай энд дарж танилцана уу         

 

Санхүүгийн зохицуулах хороо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.