ГАМШГИЙГ УДИРДАХАД ДААТГАЛЫН САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2020-10-01 02:10

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ (MEFIN) хамтран уламжлал болгон зохион явуулдаг олон улсын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Өнгөрсөн есдүгээр сарын 29,30-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион явуулсан ес дэх удаагийн  энэхүү уулзалт хэлэлцүүлэг “Уур амьсгалын болон гамшгийн цар тахлын эрсдэлийг бууруулах нь” сэдвийн хүрээнд болсон бөгөөд Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээний гишүүд болон даатгалын салбарын мэргэжилтэн, зохицуулах байгууллагын төлөөлөл зэрэг нийт 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм. Уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсаа төлөөлөн Санхүүгийн зохицуулах хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбооны төлөөлөл оролцож санал бодол, туршлага, мэдлэгээ солилцлоо.

Энэ удаад даатгал, хамгаалах систем албан бус секторт дутагдаж буй суурь болох нь, албан бус секторын олон талт байдал ба даатгалд хамрагдах арга зам, эрэлтэд суурилсан гамшгийн эрсдэлийг санхүүжүүлэх шийдлүүд, тэдгээрийн хэрэгцээ, эмзэг байдлыг бууруулах, гамшгийг удирдахад даатгалын салбарын гүйцэтгэх үүрэг гэсэн  үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэлэлцсэн юм. Тодруулбал, татвар, хуулийн зохицуулалтаас гадуур, далд эдийн засгийн чанартай, тогтворгүй шинжтэй байнгын бус үйл ажиллагаа явуулдаг, ажлын нөхцөл, нийгмийн хангамж муутай салбар буюу албан бус секторт дутагдаж буй даатгалын хамгаалалт, энэ секторт хэнийг хамруулах, тэдэнд тулгарч буй асуудал болон эмзэг байдал, бага дунд орлоготой иргэдийн гамшгийн нөлөөнд тэсвэрт байдлыг сайжруулах зорилгоор нийгмийн даатгал, хамгаалалтын бусад арга хэрэгслийг хүртээмжтэйгээр нэмэгдүүлэх арга замуудын тухай хэлэлцлээ.  Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой даатгал нэвтрүүлсэн улс орнууд болох Марокко, Этиоп улсуудын RAMED, Productive Safety Net зэрэг өрхийн санхүүгийн тогтвортой байдал болон гэнэтийн эрсдэлд тэсвэртэй байдлыг дэмжсэн, эерэг үр дүн гарсан хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт дурдагдсан олон  улсын туршлага, шийдэл нь хүртээмжтэй даатгалыг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа манай улсын хувьд нэн шаардлагатай гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх мөн даатгалын салбарын оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой санал санаачлага, сайн туршлага болж чадсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.