АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2020-10-01 04:37

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 1-нийг “Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласны дагуу манай улс энэ өдрийг 30 дахь жилдээ өргөн тэмдэглэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Санхүүгийн зохицуулах хороо ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Хорооны Ахмадын зөвлөл нийт 18 гишүүнтэй бөгөөд хэдийгээр тэд гавъяаны амралтандаа суусан ч ихэнх нь өнөөдөр төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагуудад зөвлөх, багш, санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх гээд хүч хөдөлмөрөө улс орондоо зориулж завгүй ажилласаар яваа ахмад буурлууд билээ.

Хорооны дарга Д.Баярсайхан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Ирээдүй, хойч үеийнхээ сайн сайхны төлөө эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан, өнөө ч ажиллаж, хөдөлмөрлөж яваа Хорооны ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээг Хорооны  нийт хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Та бүхний мэдлэг, туршлага бидэнд цаг үргэлж өмөг түшиг болж ирсэн. Ахмад, дунд, залуу үеийнхний мэргэжлийн мэдлэг, чадварын залгамж холбоог бэхжүүлж ажиллах нь аливаа ажлын амжилт бүтээлийн гол тулгуур болдог. Иймээс бид ахмад үеийнхэнтэйгээ бүх талаар хамтран ажиллаж, туршлага, мэдлэгийг тань уламжлан үргэлжлүүлнэ. Та бүхэн маань ч санал шүүмжээ харамгүй хайрлаарай” гэдгийг онцолж байлаа.

Уулзалтын үеэр Хорооны удирдлагууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, цаашдын бодлого, зорилго, төлөвлөлт мөн Монгол Улсын өмнө тулгараад буй сорилтуудыг амжилттай даван туулах мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагын “саарал жагсаалт”-аас гарах зорилтыг Хорооны зүгээс нэн тэргүүнд чухалчлан хэрэгжүүлж байгаа талаараа танилцуулсан юм. Ахмадын зөвлөлийн нарийн бичиг Л.Маамсүрэн “Зав чөлөөгүй ажиллаж байгаа ч ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч санал бодлыг нь сонсч буйд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ санхүүгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх их зорилтод өөрсдийн санал бодлоо илэрхийлж хамтран ажиллахад бэлэн” гэдгээ өгүүлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.