ТҮРЭЭСИЙН ОРЛОГООР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2020-10-07 06:18

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл,  даатгалын зэрэг зохицуулалтын нийт 5 газраас санал оруулсан асуудлууд болох компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай зэрэг нийт 18 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК нэг ТЗК” ХХК-ийн түрээсийн орлогоор баталгаажсан 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 34.3 тэрбум төгрөгийн баталгаат үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ. Энэхүү үнэт цаасыг бүртгэснээр хөрөнгийн зах зээлд цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болох, "Ковид-19" цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон тусгай албан хаагчдыг орон сууцжуулахтай холбоотой УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, цаашид түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч бизнесийн байгууллагууд нь ирээдүйн мөнгөн урсалын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд гаргаж шаардлагатай санхүүжилтийг татах боломж, нөхцөл бий болно.     

Мөн хуралдааны үеэр “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын дагуу 2 компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 7 иргэн, 2 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Харин гурван аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Мөн хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгө оруулалтын менежентийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр түдгэлзүүлсэн юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.