“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЛБӨР” ЗАРЛАГДЛАА

2020-11-06 08:53

Санхүүгийн зохицуулах хорооноос “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд санхүүгийн болон санхүүгийн бус тайлагналаа олон нийтэд цаг тухайд нь үнэн зөв, бодитой мэдээлэх, мэдээллийн ил тод байдлыг хангуулах зорилгоор тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг Хорооноос нийт хувьцаат компаниудад уриалсны дагуу “Түмэн шувуут” ХК-аас “Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр”-ийг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх болсноо өнөөдөр зарлалаа.

Энэхүү арга хэмжээнд Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Болдбаатар нар оролцсон юм. Ажлын албаны дарга Т.Жамбаажамц энэ үеэр “Олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хувьд мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь маш чухал. Хувьцаат компанийн санхүүгийн болон санхүүгийн бус тайлагналын ил тод, нээлттэй байдлыг олон улсын сайн жишигт хүргэх нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээ бодитоор тогтох суурь нөхцөлүүдийг бүрдүүлнэ. Мөн компанийн засаглалын олон улсын зарчимд нийцсэн хөрөнгө оруулагчтай харилцах тусгайлсан мэдээллийн суваг бий болсноор ирээдүйн хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийн үнэ цэнэ болон компанийн засаглалыг сайжруулах бодит боломжуудыг хувьцаат компаниудад олгодог. Үндэсний томоохон компаниуд, түүний дотор сүүлийн хоёр жилийн хугацаанд олон нийтэд хувьцаа гаргасан нэр бүхий компаниуд Хорооноос гаргасан санал санаачлага, уриалгад нэгдэж, тодорхой хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа явдлыг талархан хүлээж авч байна. Хороо Хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниуд, мэргэжлийн холбоод болон үнэт цаас гаргагч компаниудтай нягт хамтарч хөрөнгө оруулагчидтай харилцах, нийтлэг жишиг стандарт бий болгох чиглэлээр ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.