“ХҮРТЭЭМЖТЭЙ САНХҮҮ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААРТ...

2020-11-10 03:16

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гар дээр очлоо. Энэ удаагийн дугаарт зөвхөн санхүүгийн салбарынхан гэж онцлолгүй хүн бүрт хэрэгтэй, уншууртай хэд, хэдэн мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн. Тухайлбал, сэтгүүлийн “Байр суурь” буланд Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахад Санхүүгийн зохицуулах хороо ямар үүрэг, оролцоотой ажилласан, ФАФТ-аас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэх хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, ФАТФ-ын газар дээрх шалгалт хэрхэн хийгдсэн талаар Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч, У.Ганчимэгийн ярилцлага нийтлэгдсэн. Мөн “Бодлогын нийтлэл” буланд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын зохицуулалтын орчин, түүнийг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж буй бодлогын талаар, “Судлаачийн индэр” буланд банк бус санхүүгийн байгууллагын ногоон бичил санхүүгийн өнөөгийн байдал, сайжруулах боломжийн тухай нийтлэлийг сонирхон уншихыг зөвлөж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар олон улсын хэмжээнд нийт 25.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 1.221 удаагийн хэлцэл хийгджээ. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын сүлжээ байгууллага болох KPMG-ээс хагас жил тутамд гаргадаг “Pulse of Fintech финтекийн салбарын дэлгэрэнгүй тоймтой танилцах бол сэтгүүлийн “Финтек ба Регтек” хуудсаар зочлоорой. Дэлхийн хэмжээнд тархаад буй цар тахлаас болж үүссэн хямралын үед компанийн засаглалаа сайжруулах хүрээнд юун дээр анхаарч ажиллах, дэлхийн улс орнууд хэрхэн ажиллаж байгаа талаарх нийтлэлийг  “Компанийн засаглал” булангаас уншаарай. Учир нь, компаниудын хувьд засаглалаа сайжруулж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг бий болгосноор бүх оролцогч талуудтайгаа хялбархан ойлголцолд хүрэх, хөрөнгийн шинэ эх үүсвэрүүдийг татах, компанийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлснээр шийдвэр гаргах үйл явц тодорохой болох зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Эдийн засагч, санхүүчид, санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийт тогтмол сонирхдог олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ, санхүүгийн зах зээлийн тойм зэрэг тоон мэдээллүүд ч шинэчлэгдэн гарлаа. Иймээс Та бүхнийг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаараас хэрэгтэй мэдээ, мэдээллээ авахыг зөвлөж байна.

Жич: “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ болон бусад дугаартай энд дарж танилцана уу.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.