ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2020-11-11 08:32

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон ч коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, хурал, цуглаан явуулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Гэхдээ энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд тулгамдсан буюу даатгалын салбартай холбоотой бодлого, шийдвэр гаргах мөн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хэд, хэдэн хэлэлцэх асуудал багтсан тул зохицуулалттай этгээдүүдийнхээ үйл ажиллагааг түргэн, шуурхай явуулах, зохицуулах зорилгоор Хорооноос хуралдааныг цахим хэлбэрээр зохион явуулж, холбогдох асуудлуудаа хэлэлцлээ.

Тодруулбал, хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцсэн бөгөөд үүнд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, даатгалын чиглэлээр буюу даатгалын зуучлагчийн болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компани, гурван иргэнд олгохоор шийдвэрлэв. Мөн “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралтыг “Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийг “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт” гэж шинэчилэн найруулахын сацуу дүрмийн арван наймдугаар хавсралтаар “Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт”-ыг нэмж баталлаа.

Харин банк бус санхүүгийн чиглэлээр нэг компанид цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийн банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. 

Түүнчлэн хоёр аж ахуйн нэгжийн хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлийнх нь хугацааг сунгахаар, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт зургаан иргэн, хоёр компанид тус тус олгохоор шийдвэрлсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Догорма (202.180.220.176) 2020-11-18 02:08:32
Яанаа манай хоршооны тусай зөвшөөрөл дуусч бгаа бөгөөд топаз программнь яаагаад ч болохгүй хугацаа маань өнгөрөх гээд энэ цар тахлаас болоод асуух ч хүнгүй хэцүү бна яах вэ