БЭЛЭН БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ МӨРДӨЖ АЖИЛЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2020-11-20 05:56

Санхүүгийн зохицуулах хороо нь үр ашигтай хяналт шалгалт, оновчтой зохицуулалтыг хэрэгжүүлж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалсан, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эрсдэл үүссэн тохиолдолд санхүүгийн зах зээлийг зохицуулах үүргээ тасалдалгүй биелүүлэх, зохицуулалтын байгууллагуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө /энд дарж танилцана уу/-г баталж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Иймээс өөрийгөө зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдүүд энэхүү төлөвлөгөөний хавсралт 3-т заасан удирдамжийн дагуу бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

Улс орон бүр цар тахал үүссэнтэй холбогдуулан хөл хорио тогтоох, байгууллагууд алсын зайнаас ажиллах, эрүүл мэндийн асуудлаас үүдэж ажиллах хүчин хомсдох, үйл ажиллагаа нь зогсох хүртэл эрсдэлтэй нүүр тулгарч буй. Иймээс ихэнх улс орон бизнес, санхүүгийн төдийгүй тэдгээрийг зохицуулагч байгууллагуудаа эрсдэлээс хамгаалж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг нь хадгалах зорилгоор төлөвлөгөө боловсруулж, мөрдөж ажилласаар байна. Тухайлбал, Японы Төвбанк аливаа эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөө /Business Continuity Planning/”, санхүүгийн байгууллагуудад зориулж төлөвлөгөөг боловсруулах удирдамжийг 2003 онд боловсруулсан бол коронавирус гарсантай холбогдуулж Никарагуа улсын Төвбанк өөрийн төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Түүнчлэн Мексик, Америк, Испани, Мороко, Солонгос зэрэг орны зохицуулагч байгууллагууд зохицуулалтад буй санхүүгийн байгууллагуудаа “Бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулахыг шаарддаг бөгөөд төлөвлөгөө боловсруулах удирдамжийг ч мөн гаргасан байдаг.

Иймд учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж нийт зохицуулалттай байгууллагуудаа дээрх удирдамжийн дагуу бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ мөрдөж ажиллахыг зөвлөж байна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.