МЭНДЧИЛГЭЭ

2020-12-11 02:47

Монгол Улсын санхүү, эдийн засгийн салбарын тэмдэглэлт өдөр болох “Санхүү, эдийн засагчдын өдөр”-ийг Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолд зааснаар жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөр энэ ням гарагт тохиож байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээг зохицуулах, зохицуулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд 5,600 гаруй санхүүгийн болон зах зээлийн мэргэжлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавин ажиллаж байна. 2020 оны хувьд хэдийгээр дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдваровид-19/-ын цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас нийгэм, эдийн засаг, санхүүгийн бүхий л салбарын түвшинд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч улс орон бүр хамтын хүчээр бүхий л боломж, бололцоогоо дайчлан даван туулсан он жил байлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны хувьд санхүүгийн салбарт өрнөж буй технологийн хувьсгалд нийцүүлж зохицуулалтын үйл ажиллагаагаа зохистой, үр дүнтэйгээр зохион байгуулж, хэрэгжүүлэх зорилт тавин, шинэ технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжиж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна. Үүний сацуу Монгол Улсын өмнө тулгараад буй хүндхэн сорилтуудыг амжилттай даван туулж Олон улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын “саарал жагсаалт”-аас гарах зорилтыг амжилттай хэрэгжүүлж ажиллаж чадлаа. Энэ бол төрийн зохицуулагч байгууллагууд болон санхүүгийн зах зээлд оролцогч Та бүхний идэвх, санаачлагатай хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлох нь зүйтэй.

Санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилго, зорилтын хүрээнд төр, засгийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг Хороо хууль тогтоомжоор хүлээсэн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэхдээ Та бүхний үнэтэй санал, зөвлөмж, идэвхтэй оролцоо бүрийг хүндэтгэн хүлээн авч, бодлого, зохицуулалтын арга хэмжээндээ тусгаж, үр дүнтэй хэрэгжүүлж, нягт хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Монгол Улсын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллага, оролцогч, тэдгээрийн ажилтан, албан хаагчид болон санхүүгийн салбарын нийт харилцагч, үйлчлүүлэгчиддээ Санхүү, эдийн засагчдын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.