АНХНЫ НЭЭЛТТЭЙ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ЦАНГ ЦОХИЛОО

2021-01-13 08:45

Монгол Улсын анхны олон нийтэд арилжаалах хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК-ийн дэд захирал Х.Амгаланбаатар, "Инвескор Капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцсон юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хэдийгээр 2020 он бүхэлдээ ковид-19 цар тахлаас шалтгаалж санхүүгийн зах зээлд эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал үүссэн ч Улсын Их хурал, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос тулгарч буй хүндрэл, эрсдэлийг даван туулах  чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлж ажиллалаа. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, өсөлтийг хангах чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэт цаасны төлбөр тооцооны горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг зах зээлийн оролцогчидтойгоо хамтран нэвтрүүлсэн. Мөн дотоод болон гадаадын биржийн хооронд үнэт цаас хөрвөх нөхцөлийг бий болгож, олон жил яригдсан биржийн бус зах зээлийн эрх зүйн суурь орчинг бүрдүүлж, түүхэнд анх удаа зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр түвшинд буюу 3.0 их наяд төгрөгт хүрлээ. Өнгөрсөн хугацаанд “МИК ОССК” ХХК-аас орон сууцны зээлийн багцаар, “НОСК” ХК-аас түрээсийн орон сууцны багцаар тус тус баталгаажсан хөтөлбөрийн шинжтэй баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд гаргасан. Харин энэ удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулж олон нийтэд анх удаа нээлттэй арилжаалж байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудас нээлээ” гэдгийг онцолсон юм.

Олон улсын санхүүгийн зах зээлд нийтлэг арилжаалагддаг бүтцийн шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, нээлттэй арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, барьцаат үнэт цаасны харилцааг хөгжүүлж, зах зээлд оролцогч хөрөнгө итгэмжлэн удирдагч, үнэт цаас гаргагчид тусгай зөвшөөрөл олгох, гаргасан үнэт цаасыг бүртгэх ажиллагааны зохицуулалтыг хялбаршуулж уян хатан болгох, схемийн тогтвортой байдлыг хангах үүднээс мэдээлэл тайлагнал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр холбогдох дүрэм, журмыг шинэчлэх ажлыг 2021 онд хийхээр Санхүүгийн зохицуулах хорооноос төлөвлөөд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.