ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021-02-10 08:34

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 15 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ удаад “Сүү” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг олон нийтэд танилцуулж, анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах хугацааг дахин сунгахын зэрэгцээ “Юнити ассет менежмент ҮЦК” ХХК-ийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр боллоо.

Коронавируст халдварын цар тахлаас шалтгаалж улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа цаг үед төрөөс “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аар дамжуулан цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны зээлд хамруулах ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар “НОСК хоёр ТЗК” ХХК-ийн 447 түрээслэгчийн 39.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ.   

Хуралдаанаар мөн нэр бүхий нэг аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хоёр хуулийн этгээдэд урт хугацааны болон ердийн даатгалын актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх, 6 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, хоёр аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.