ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН, МЭДЭЭЛЭЛ НИЙЛҮҮЛСНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

2021-02-23 08:37

Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газрын ахлах зөвлөх Д.Соёлмаатай зээлийн мэдээллийн сангийн талаар ярилцлаа.

-Зээлийн мэдээлэл, зээлийн мэдээллийн сан гэж юу вэ гэдэг асуултаар яриагаа эхлүүлье.

-Зээлийн мэдээлэл гэдэг нь зээлдэгчийн зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл юм. Харин зээлийн мэдээллийн сан гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу нийлүүлсэн зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон бусад төлбөрийн мэдээллийг агуулж буй Монголбанкны зээлийн мэдээллийн нэгдсэн сан гэж ойлгож болно.

-Зээлийн мэдээлэл, зээлийн мэдээллийн сантай холбогдох харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар хэлж өгнө үү. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэж хэн бэ, ямар байгууллагууд мэдээлэл нийлүүлэх үүрэгтэй вэ?

-Санхүүгийн зах зээлд томоохон хэмжээний өөрчлөлт орж шинэчлэгдэх, хөгжих хэрээр зах зээлд оролцогч иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа өөр хоорондоо хамааралтай болж санхүүгийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүсдэг. Үүнтэй зэрэгцээд цаг үеээ олсон сайн туршлага нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага үүсдэг. 2011 онд Улсын Их Хурлаас Зээлийн мэдээллийн тухай хуулийг баталснаар эрх зүйн зохицуулалт бий болсон. Энэ хуульд нийцүүлэн эрх бүхий этгээдээс баталсан журмууд ч байгаа. Хуулиар банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн компани, төрийн байгууллагууд, үүрэн холбооны операторууд, Монголбанктай зээлийн мэдээллийн сан ашиглах гэрээ байгуулсан хуулийн этгээдүүд хамаарч байна.

-ХЗХ-дын тоо, зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулсан хоршоодын талаарх мэдээллийг өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 247 ХЗХ үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 148 ХЗХ Улаанбаатар хотод, 99 ХЗХ орон нутагт байна. Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас ирүүлсэн судалгаанаас үзэхэд нийт ХЗХ-дын 42.1 хувь буюу 104 ХЗХ хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан байна. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа ХЗХ-дын 58 хувь буюу 143 ХЗХ зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулаагүй. Судалгаанаас үзэхэд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.

-Хуулийн хэрэгжилт хангахгүй байгаа шалтгааны талаар тодруулбал...

Зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулаагүй ХЗХ-дыг аваад үзэхэд 48 хувь буюу 69 ХЗХ нь Улаанбаатар хотод, 52 хувь буюу 74 ХЗХ орон нутагт байна. ХЗХ-д манай орны нийт нутгаар тархсан байдаг. Орон нутагт, тэр дундаа алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа явуулдаг ХЗХ-дын хувьд зээлийн мэдээлэл солилцоход шаардлагатай хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, програм хангамж, суурин интернет, шилэн кабел байхгүй зэрэг хүндрэл байдаг. Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, мөн Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-д зээлийн мэдээллийн санд санхүүгийн байгууллагууд, ХЗХ-дыг хамруулах, олон улсын жишигт нийцсэн програм хангамжийг ашиглах зэрэг зээлдэгчийн эрсдэлийг бодитоор үнэлэх, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажлууд тусгагдсан. Энэхүү ажлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хариуцуулсан тул хууль тогтоолын хэрэгжилтийг хангуулахад 2 байгууллага хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд хотын ХЗХ-дыг бүрэн хамруулж, дараагаар нь орон нутгийн ХЗХ-дыг гэх зэргээр үе шаттай арга хэмжээ авахаар зорьж байна.

-ХЗХ гишүүдэд олгосон зээлээ хэрхэн ангилдаг вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны хамтарсан тушаалаар баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-д үндэслэн ангилдаг. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотойгоор МУ-ын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, хорио цээрийн дэглэмтэй байснаас эдийн засгийн идэвхжил саарч, иргэд, аж ахуйн нэгжийн хэвийн ажилагаа саатах, улмаар орлого тасалдах, санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн. Энэхүү нөхцөлд санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020 онд дээрх журамд 2 удаа өөрчлөлт оруулж, 2020 оны эцэс хүртэл хугацаанд зээлийн ангиллын хугацааг өөрчлөн мөрдүүлж байна. 2020 оны 11 дүгээр сарын байдлаар авсан мэдээгээр ХЗХ-д 3,340 зээлдэгчийн 10.6 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Энэ нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 3.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Журамд өөрчлөлт оруулах бодлогын шийдвэр гаргасны үр дүнд 4,040 зээлдэгчийн 19.6 тэрбум төгрөгийн зээлийг ангилал буурахаас хамгаалсан байна. Дотоодын нөхцөл байдалд тохируулан энэ шийдвэрийг 2021 оны 7 сар хүртэл сунгахаар холбогдох судалгааг хийж байна.

-ХЗХ нь зээлийн мэдээллийг санд мэдээлэл нийлүүлснээр гарах үр дүн, ач холбогдлын талаар хэлж өгнө үү?

-ХЗХ нь Монголбанкны зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулж хамтран ажилласнаар  гишүүддээ зээл олгох шийдвэр гаргахдаа сангаас мэдээлэл авч, авсан мэдээлэлд үндэслэн зээлдэгчийн зээлийн ангилал нь хэр сайн бэ, тухайн этгээдийн санхүүгийн хариуцлага хэр вэ, аливаа төлбөр, тооцоотой юу гэдгийг тодорхойлох, түүнчлэн зээл эргэн төлөх чадварыг үнэлэх зэргээр зээлийн шийдвэрийг хялбар гаргах боломжийг олгодог. Мөн чанаргүй зээлийн эрсдэл үүсэх, хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтойЗээлийн түүхэн дээр суурилан төрөл бүрийн статистик, нэгдсэн тайлан мэдээ, зээлжих чанарын оноо тооцох, зээлийн эрсдэлийг тооцох, гишүүдийн зээлийн мэдээллийг хурдан шуурхай авах, эдгээр мэдээллийг нэгтгэн төвлөрүүлж, боловсруулалт хийх зэрэгт ашиглаж болно. Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлснээр зээлдэгчийн эрсдэлийг бодитоор үнэлэх боломжтой болно, ингэснээр тухайн зээлдэгчийг ч, зээлдүүлэгчээ ч, санхүүгийн салбараа ч давхар хамгаална. 

-Иргэндээ, ХЗХ-ны гишүүний хувьд үүсэх давуу талын талаар хэлэлгүй орхиж болохгүй байх...

-Зээлийн мэдээллийн сангийн зорилго бол сайн зээлдэгчийг дэмжих юм шүү дээ. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлээ цаг хугацаанд нь төлж чадаж байвал зээлийн мэдээллийн санд хэвийн ангилалд ангилагдаж сайн түүхтэй болж хадгалагдана. Сайн түүх бүрдүүлэх нь ХЗХ-дын гишүүдийн хувьд, иргэний хувьд дараа дараагийн санхүүгийн харилцаанд ороход маш чухал юм. Хүү багатай, урт хугацаатай зээл авахад сайн түүхтэй байх нь дэмжлэг болно.

-Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн муу түүхтэй гишүүдэд зээл олгож болохгүй гэж ойлгож болох уу?

-Тухайн хүний санхүүгийн сахилга бат хэр байна гэдэг нь зээлийн түүхээс харагддаг. Муу түүхтэй гишүүдэд зээл олгож болохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй хэдий ч зээлийн мэдээллийн санд үүссэн мэдээлэлд үндэслэн ХЗХ нь зээл авсан гишүүдийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, сахилга бат, эрсдэлийг тооцон урьдчилан сэргийлэх зорилгоор зээл олгохгүй байх тохиолдол түгээмэл гардаг. Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөхгүй бол ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ судлаагүйгээс, гарах эрсдэлийн талаар ойлголт байхгүйгээс, зээлийн гэрээтэй сайн танилцалгүйгээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах, өөрийн болон өрхийн орлого, зардлын харьцааг тооцохгүйгээр байгаа боломжоосоо өндөр хэмжээний зээл авснаас зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй байх хүндрэл гарч байгаа нь санхүүгийн харилцаанд орох мэдлэг, мэдээлэл дутмагтай шууд хамааралтай гэж ойлгодог.

-ХЗХ нь зээлийн мэдээллийн сантай хамтран ажиллах гэрээ шинэчлэн байгуулаагүй бол юуг анхаарах, ямар бичиг баримтыг бүрдүүлж өгөх вэ?

-Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны А-57 дугаар тушаалаар "Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн журам"-ыг шинэчлэн баталсантай холбоотойгоор Монголбанкнаас мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг нэгдсэн журмаар шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулж байна. Хорооноос нийт ХЗХ-дод хандаж цахим шуудангаар болон албан бичгээр холбогдох мэдээлэл, мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. ХЗХ-дод тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгодог, хугацааг сунгахад харгалзан үзэх нэг нөхцөл нь зээлийн мэдээллийн санд холбогдсон эсэх, холбогдсон бол мэдээллийг үнэн зөв нийлүүлж байгаа эсэхэд Хороо хяналт тавьж байна.

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүл 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.