БИДНИЙ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ БОЛ ОЛОН ТУЛГУУРТ, ХҮРТЭЭМЖТЭЙ, УХААЛАГ САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭГДЭНЭ

2021-02-23 09:08

Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 15 жилийг ойг тохиолдуулан Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамцтай хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн хөгжлийн талаар ярилцлаа.

-15 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд санхүүгийн зах зээлийн эрүүл, зөв бүтцийг нутагшуулахын тулд Хороо хэрхэн ажилласан мөн өнөөдрийн байдлаар ямар, ямар салбар зохицуулалт, хяналтад байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийн хяналт зохицуулалтын байгууллагаар ажиллаад хэдийн 15 жилийг ардаа өнгөрөөсөн байна. Анх Монгол Улсын Их Хурлаас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баталж, улмаар 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсан. Энэ үед Хорооны Ажлын алба нь 5 газар, 40 гаруй албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 9 газар, 4 хэлтэс, 4 албаны 142 албан хаагчтай болсон байна. Санхүүгийн зохицуулах хороог Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж заасан. Энэхүү чиг үүргийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршоо, Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, Даатгалын мэргэжлийн оролцогч, Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч, Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага гэсэн нийт 5,600 гаруй мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт хийж ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд банкнаас бусад санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн зах зээлд өндөр өсөлт тохиож буй нь статистик тоон мэдээллүүдээс харагддаг. Гэхдээ анхаарч засах зүйл ч бий болов уу. Иймээс энэ талаар санал бодлоо хуваалцахгүй юу. Ер нь манай улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийн түвшин ямар шатанд байна гэж Та үзэж байна вэ? 

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн 30 жилд тасралтгүй өссөн. Үүний илрэл бол 2000 оноос хойш нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн бодитоор 3 дахин өссөн.

Cүүлийн жилүүдэд банкнаас бусад санхүүгийн зах зээлийн өсөлт, хөгжил ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, анхдагч зах зээл дээр хувьцаагаа санал болгож буй компаниудын тоо зэрэг үзүүлэлтүүд нийлээдгүй өсөлттэй байна. Иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох, өөрийн мөнгө, хөрөнгийг дан ганц хадгаламжийн дансанд хуримтлуулах бус хөрөнгө оруулалт хийх байдлаар нэмэгдүүлэх сонирхол нэмэгдэж байгаа бол бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд маань ч мөн адил хөрөнгийн зах зээлээс хувьцаа, бонд болон бусад санхүүгийн хэрэгсэл гаргах хэлбэрээр санхүүжилт босгох хандлага нэмэгдэж байна.

Даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын зах зээл сүүлийн жилүүдэд тогтмол 30-аас дээш хувийн өсөлтийг үзүүлж салбар бүрт зохицуулалт болон хяналтын дэвшлүүд гарсаар байна. Мөн манай улсын санхүүгийн зах зээлд технологийн дэвшил хурдацтай нэвтэрч санхүүгийн салбар уламжлалт үйлчилгээг давж, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж дэлхий нийтээрээ холбогдож санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдэд санхүүгийн хэрэгцээгээ амар хялбар, түргэн шуурхай байдлаар шийдэх боломжтой болгож байна. Хамгийн энгийн жишээ нь бид цаасан мөнгө ашиглахгүйгээр цахим хэтэвч, цахим банк ашиглан орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр төлбөр тооцоогоо хийх, зээл авах боломжтой болсон байна. Энэхүү дэвшил нь санхүүгийн салбарын хувьд томоохон өсөлт, хөгжил юм.

-Аливаа улс орны хөгжил, эдийн засгийг тодорхойлогч нь санхүүгийн салбарынхан байдаг. Иймээс санхүүгийн зах зээлийг зохицуулагч гол байгууллагын хувьд Хороо энэ 2021 ондоо ямар зорилтыг дэвшүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд юун дээр анхаарч ажиллахаар төлөвлөөд байна вэ?

-Өнгөрөгч он бол манай улс төдийгүй дэлхий даяар коронавирус /Ковид19/-ийн халдварт цар тахалтай тэмцсэн жил байлаа. Монгол Улсын санхүүгийн салбарын хувьд ч мөн адил хүндхэн сорилтыг давах шаардлагатай тулгарч, ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хороо нь 2020 онд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж зохицуулалттай этгээдүүдийн үйл ажиллагааг хэвийн ажиллуулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мөн Монгол Улс ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллагын “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарсан нь санхүүгийн зохицуулагч байгууллагууд болох Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагын нөр их хөдөлмөр, хамтын ажиллагааны үр дүн байлаа. Иймд 2021 ондоо ч энэхүү мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр тасралтгүй арга хэмжээнүүдийг авч, хэрэгжилтийг хангах зорилготой байна.

Санхүүгийн салбарын бодлого гаргагчид бидний хувьд олон тулгуурт, хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх нь хамгийн чухал, нэн тэргүүний зорилт байдаг. Тэр ч утгаараа бид бүхэн уг зорилгод тулгуурлан стратеги, төлөвлөгөөг боловсруулан ирэх оныхоо зорилтыг чиглүүлж байна. Учир нь санхүүгийн салбар иргэд, оролцогчдын итгэл, үйл хөдлөл дээр суурилан ажилладаг маш эмзэг салбар. Өөрөөр хэлбэл сул зохицуулалт, хяналт шалгалт нь зах зээлд итгэх итгэлийг бууруулах, идэвхтэй сэргэж буй уг зах зээлд хөөсрөл үүсгэх зэрэг олон сөрөг талтай бол хэт чанга зохицуулалт нь салбарын хөгжил, бүтээмжийг боомилох аюултай байдаг. Өнөөдөр технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний оновчтой зохицуулалтын орчин нь олон улс орны бодлого гаргагчдын гол анхаарах сэдэв нь болж байгаатай адил бидэнд ч бас энэ асуудал тулгарч байна. Иймээс үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчийн эрх зүйн орчинг сайжруулах, банк бус санхүүгийн үйл ажиллагааг төрөлжүүлэх чиглэлээр өнөөдөр мөрдөж байгаа үндсэн салбарын зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилэх, финтектэй уялдаж зах зээлийн бүтцэд гарсан өөрчлөлтийг хянах, зохицуулах, хяналт тавих, шаардлагатай хариу арга хэмжээ авах, Сэндбокс зохицуулалтын журмыг хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон ажлуудыг гүйцэтгэх болно.

-Ярилцлагынхаа төгсгөлд Ажлын албаны даргын хувиар өнгөрсөн 15 жилийн хугацаанд санхүүгийн салбар тэр тусмаа Санхүүгийн зохицуулах хороог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан ахмад буурлууд болон ажилтан албан хаагчид, хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж үгээ хэлнэ үү.

-Монгол Улсын Их Хурлаас Үнэт цаасны тухай хуулийг 1994 онд баталж, хөрөнгийн зах зээлд хяналт, зохицуулалт тавих Үнэт цаасны хороо байгуулагдсан бөгөөд энэхүү байгууллагын суурин дээр 2006 оноос санхүүгийн зах зээлийн нэгдсэн хяналт, зохицуулалтын байгууллага үүсэж Санхүүгийн зохицуулах хороо маань үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Санхүүгийн зохицуулах хороо үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан санхүүгийн салбарын хөгжлийн төлөө сэтгэл оюунаа зориулан ажиллаж ирсэн хамтран ажиллагсад, мэргэжлийн байгууллагынхан, салбарын бүхий л оролцогчид, Санхүүгийн зохицуулах хорооны үе үеийн хамт олон, албан хаагчид Та бүхэндээ баярын мэндчилгээг дэвшүүлье! Та бүхэндээ баярлалаа.

Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүл

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.