"КОВИД-19" ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2021-04-01 05:43

 

 

 

 

 

 

 

Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын мэргэжилтэн Х.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Коронавируст (Ковид-19) цар тахалтай холбогдуулан иргэд, харилцагчдад  чиглэсэн хууль, эрх зүйн ямар орчин бүрдүүлсэн бэ?

-“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 10.9.-т зааснаар цахим зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр харилцагч заавал биеэр очиж зээлийн гэрээ байгуулах шаардлагагүй болсон.

-Цар тахлын үед эдийн засаг хүндэрч, иргэд аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа доголдож буй энэ үед зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ?

-Цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсонтой холбогдуулан иргэдийг чанаргүй зээлийн ангилалд шилжүүлэхээс урьдчилан сэргийлж банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудад мөрдөгдөж буй активыг ангилах журамд нийт 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, үйлчлэлийн хугацааг сунган ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн зээлийн чанар муудахад зээлийн мэдээллийн санд ангилал бууруулах эрсдэлээс хамгаалж буй зохицуулалт юм. Үүний үр дүнд 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 234.8 мянган зээлдэгчээс 291.9 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлснээс, 267 ББСБ үйл ажиллагаа нь тасалдаж хүндрэл үүссэн 230.5 мянган зээлдэгчийн 257.6 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байна.

-Зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэх талаар тодруулбал?

-Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-ууд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги, ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр, төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг мэдэгдээд байна.

-“Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д орсон өөрчлөлтийн үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэхээр журамд 2 удаа түр хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, нэг зээлдэгч болон түүний холбогдох этгээдэд гаргах зээлийн батлан даалтын хэмжээ нь банк бус санхүүгийн байгууллагаас авах тухайн зээлийн 60 хүртэл хувь буюу Сангийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй байсныг 3 хувь болгон бууруулж олон зээлдэгчид батлан даалт гаргах боломж бүрдүүлсэн. Батлан даалттай зээл авсан зээлдэгчдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд 1.2 хувиар өсөж 416-д хүрсэн.

-Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-“Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” нь ББСБ болон зээлдэгчдэд маш чухал эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү журмын хүрээнд ББСБ нь зээл, факторинг, авлага зэргийг хугацааны үзүүлэлтийн хувьд ангилж, эрсдэлийн санг байгуулах бөгөөд ББСБ-ын зээлд байгуулсан эрсдэлийн сангийн зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасч тооцдог. Харин зээлдэгчийн хувьд зээлийн ангилалаа тодорхойлох, зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн ангилалд хамрагдахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Анх Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 144/125 дугаар хамтарсан тушаалаар “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг баталж байсан бөгөөд тус журам нь 2021 оны 1 дүгээр сар хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах, зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Хорооны 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 998 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталсан.

Харин дэлхий нийтэд тархаад буй цар тахал Коронавирус (Ковид-19) дотоодод тархаж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” баталсан. Энэхүү тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Энэ ажлын хүрээнд дээрх Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын зээл, факторингийн ангилалд өөрчлөлт оруулж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөрдөхөөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд 90 хоногоор хугацаа хэтэрсэн бол хэвийн зээлд, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 1-90 хүртэл хоног байсныг 91-150 хоног, чанаргүй зээлийн ангилалд 151 хоногоос дээш хугацаанд хугацаа хэтэрсэн тохиолдолд бүртгэж, зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2 болон түүнээс дээш сунгасан тохиолдолд зээлийн ангилал бууруулахгүй байхаар зохицуулсан.

-Цар тахалтай холбогдуулан чанаргүй активын хэмжээг нэмэгдэхээс сэргийлэн авч буй арга хэмжээний талаар дурдана уу?

-Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах, нөгөө талаас салбарын чанаргүй активын хэмжээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг зайлшгүй өөрчлөх нөхцөл бүрдсэн. Иймд Санхүүгийн зохицуулах хороо зээлдэгчдийн зээлийн ангилал буурч чанаргүй ангилалд бүртгэгдэх, салбарын чанаргүй активын хэмжээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлж дээр дурдсан ББСБ-дад мөрдөгдөж буй “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д тухай бүр өөрчлөлтийг оруулж, бизнесийн үйл ажиллагаа нь доголдож зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлөлт хийхэд хүндрэл үүссэн зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлөлтийн хугацааг сунгаж, нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүйгээр аливаа чирэгдэл, хүндрэл үүсгэхгүйгээр шийдвэрлэхийг ББСБ-уудад үүрэг болгосон. Үүний үр дүнд 2020 онд нийт 193.3 мянган зээлдэгчээс 257.4 тэрбум төгрөгийн зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн бөгөөд 265 ББСБ үйл ажиллагаа нь тасалдаж хүндрэл үүссэн 189.5 мянган зээлдэгчийн 226.2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан байна. Санхүүгийн зохицуулах хорооноос бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед  зээлдэгчдийн нөхцөл байдал, салбарын активын чанарын үзүүлэлтэд тухай бүр судалгаа, шинжилгээ хийх үүднээс зээлийн хүндрэл үүссэн зээлдэгчдийн мэдээллийг долоо хоног бүр авч ажиллаж байна.

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүл 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.