КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ ЖУРМЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛЛАА

2021-04-01 08:06

Санхүүгийн зохицуулах хорооноос “Компанийн засаглалын эрх зүйн зохицуулалтын зарим журмын өөрчлөлт, практик хэрэглээ, анхаарах зүйлс” цахим хэлэлцүүлгийг нийт хувьцаат компаниудын төлөөллийн дунд зохион байгууллаа. 

Нийт 50 гаруй хувьцаат компанийн төлөөлөл оролцсон энэ удаагийн хэлэлцүүлгээр компанийн засаглалын эрх зүйн орчинд ойрын үед гарсан зохицуулалтын зарим журмын өөрчлөлтүүд, хувьцаа эзэмшигчдийн хурал болон санал хураалтыг цахимаар зохион байгуулах нөхцөл, шаардлага, шийдэл ба боломжуудын талаар танилцуулж мэдээлэл өглөө. Мөн практикт хэрэгжүүлсэн туршлага, цаашид анхаарах зүйлсийн талаар оролцогчидтой санал бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

Хорооны зүгээс компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо санал хураах кумулятив аргыг хэрэглэх, хувьцаа эзэмшигчдийн хурал болон санал хураалтыг цахимаар зохион байгуулах зохицуулалтын ач холбогдлыг компанийн амин чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд жижиг хувьцаа эзэмшигчдийн хүртээмжтэй оролцоог хангах, цаашид хурлын ирцийг бодитоор нэмэгдүүлэх боломж бүхий үр дүнтэй шийдлүүд гэж харж байна. Учир нь том, жижиг ялгаагүй бүх хувьцаа эзэмшигч орон зайнаас үл хамааран цахим орчинд хуралдаа онлайнаар оролцож, асуулт асуух, саналаа өгөх, ингэснээр хуралдаа биечлэн оролцоход зарцуулдаг цаг зав, тээврийн зардлаа хэмнэх боломжтой. Тухайн компанийн хувьд ч хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулахад гарах зардлыг бууруулах, санал тооллогыг баталгаажуулах зэрэг давуу талуудыг нэгэн зэрэг олгох юм.

Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа болон шийдвэр гаргах явцад цахимаар оролцох болон нэгдэж компанийн ТУЗ-д төлөөллөө оруулж түүнийг дагаад хяналт тавих, шаардлагатай мэдээлэл авах боломжийг бүрдүүлснээр тухайн компанийн мэдээлэл, тайлагналын ил тод, нээлттэй байдал сайжирна. 

Хэлэлцүүлгийн үеэр компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг идэвхжүүлэх хүрээнд тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх үр дүнтэй, шийдэл бүхий хэлэлцүүлгүүдийг сар бүр тогтмол зохион байгуулах саналыг Хорооноос гаргахад нийт оролцогчид дэмжсэн юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.