БИНАНС БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗАРИМ УЛСАД ХОРИГЛОЖЭЭ

2021-07-08 07:23

Английн Санхүүгийн зохицуулагч байгууллагаас дэлхийн хамгийн томд тооцогддог Бинанс криптовалютын биржийн үйл ажиллагаа явуулахыг тус улсад хориглосон тухай мэдэгдэл -ийг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр цахим хуудаснаа нийтэлсэн байна. Уг мэдэгдэлд өндөр өгөөж амласан криптовалютын хөрөнгө оруулалтыг сурталчилсан аливаа үйл ажиллагаанаас болгоомжлохыг анхааруулжээ. Бинанс нь Англид үүсгэн байгуулагдаагүй ч тус улсын Санхүүгийн зохицуулагч байгууллагад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагад нийцээгүй учраас бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн дэлхийн бусад улс орны зохицуулагч байгууллагуудаас Бинансын талаар анхааруулга, мэдэгдлийг удаа дараа гаргасаар байна. Тухайлбал, Японы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас мэдэгдэл гаргаж, тус биржийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй талаар олон нийтэд анхааруулжээ. Мөн Германы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас Бинанстай холбоотой мэдэгдэл-дээ хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга гаргалгүйгээр дижитал токен гаргаж эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон талаар мэдээлсэн бол Канад Улсын Онтариогийн Үнэт цаасны тухай хуульд нийцээгүйн улмаас тус бирж Онтариод үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүнээс гадна тус биржийн охин компани болон “Бинанс холдингс” ХХК-ийг энэ оны тавдугаар сард АНУ-аас мөнгө угаасан байж болзошгүй, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. АНУ-ын “Chainalysis” буюу криптовалютын судалгаа шинжилгээ, мөрдөн шалгах үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө бусад биржээс илүү Бинансаар дамжсан тухай мэдээлсэн байна.

Иймд, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан криптовалют, виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж, эдгээр үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй болохыг дахин сануулж  байна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

сэтгэгдэл (64.119.29.5) 2021-08-12 08:52:16
олон улс хориглож байхад монгол улсад байгаа энэ олон цахим арилжааны биржийг Хороо өөрийн бүрэн эрхийн дагуу шалгаж, хориглох, торгох ажлаа хиймээр байхын уг нь
С (64.119.29.5) 2021-07-09 04:55:26
Анхааруулга өгөх нь зөв
(64.119.29.5) 2021-07-08 13:07:01
Brokeruudiig shalgah hergtei
(64.119.29.5) 2021-07-08 08:01:24
Aigaad bga yumu ardcoin bitrex ict ntr geed todorhoi heleldee booronhiilood baih yum