САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2021-09-10 08:05

Санхүүгийн зохицуулах хороо хүртээмжтэй, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлт, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо МУИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МУИС-ын захирал Б.Очирхуяг нар үзэглэж зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг тодойрхойлох, бодлого зохицуулалтын оновчтой зөв шийдвэр гаргахад түлхэц болсон хамтарсан судалгаа, шинжилгээ хийх цаашилбал гадаад, дотоодын төсөл хөтөлбөр болон салбарын хөрөнгө оруулалтад шаардлагатай зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр “Санхүүгийн зах зээлд технологийн дэвшил гүнзгий нэвтэрч байгаатай холбоотойгоор зах зээлийн эрсдэлийн түвшин, хүчин зүйл, эрсдэл даах чадвар, мэдрэмтгий байдлыг тооцоолох шинжилгээг хамтран хийж, үнэлгээний оновчтой аргачлалыг боловсруулахад туршлага солилцох, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх макро түвшний хүчин зүйлс болон бусад судалгаа, шинжилгээг хийх, зах зээлийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар таамаглал дэвшүүлэх загварчлалыг хамтран гаргахаар зорьж байна. Бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болтугай” гэсэн юм. Харин МУИС-ын захирал Б.Очирхуяг “Салбарын хөгжил дэвшил, шинэ технологи, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны болон салбар дундын судалгааны ажил хийх, судалгаандаа ахисан түвшний оюутнуудыг оролцуулах, төсөл хөтөлбөр, олон талт зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах болсондоо нэн талархалтай байна” гэдгийг онцолсон юм.

Хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд мөн санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд дэлгэрүүлэхэд шаардлагатай судалгаа хийх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хамтарсан сургалт зохион байгуулах, техник арга зүйн туслалцааны хөтөлбөрүүд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.