Б.ДОЛГОРСҮРЭН: КОМПАНИУД НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ БОДЛОГОТОЙ БАЙХ ЁСТОЙ

2021-09-16 03:02

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар ярилцлаа

-Монголын хөрөнгийн биржээс ирүүлсэн мэдээллээр 185 хувьцаат компани бүртгэлтэйгээс 141 нь хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлаа (ХЭХ) зарласан гэж байсан. Компаниуд ХЭХ-ынхаа шийдвэрийг нэн даруй нийтэд мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хуульд заасан хугацаанд буюу хурал зохион байгуулснаас хойш ажлын гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-нд хүргүүлэх ёстой байдаг шүү дээ. Хуульд заасан эцсийн хугацаа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд багтаан ХЭХ-аа хийгээгүй, танайд мэдээллээ ирүүлээгүй компани хэд байгаа вэ?

-Хороонд 159 компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын мэдэгдлээ ирүүлсэн. Тэдгээрийн 120 нь хурлын материалаа ирүүлсэн бөгөөд зургаагийнх нь хурал хойшилсон. Тавдугаар сард 72 компанийн ХЭХ-ын материалыг хянаад, холбогдох нэмэлт материалаа ирүүлэхийг шаардсан. Материалыг хянахдаа хурлын ирц нь бүрдсэн үү, хэлэлцэх ёстой асуудлуудаа ярилцсан уу, төлөвлөөгүй асуудлын талаар хэлэлцсэн үү, зохих тооны хараат бус гишүүнийг сонгосон уу, сонгохдоо аль нэг шаардлагыг зөрчсөн эсэх, мэдээллийн ил тод байдлыг яаж хангасан, сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийсэн бол түүнийгээ хэрхэн хийсэн, энэ талаараа хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлсэн, эсэх зэргийг хянадаг. Зарим компаниуд хараат бус гишүүнийг зохих шаардлагад нийцүүлэн сонгоогүй зөрчил гарч байна. СЗХ-ноос жил бүрийн эхэнд ХК-иудад хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулахтай холбоотой мэдэгдэл буюу зөвлөмж хүргүүлдэг. Ингэснээр ХК-иудыг ХЭХ-аа холбогдох хууль журамд нийцүүлэн хуралдуулахад дэмжлэг үзүүлж байна.

-Тэгэхээр хуульд нээлттэй байлгахаар заасан бүх мэдээллийг компаниас өгдөг байх хэрэгтэй, тийм үү?

-Тийм ээ, нээлттэй өгч болох мэдээллийг танилцуулдаг байх хэрэгтэй. Компанийн нэг эсвэл цөөн тооны хувьцааг худалдан авчихаад “Би хувьцаа эзэмшигч. Бүх мэдээллийг авах хэрэгтэй” гээд СЗХ-нд өргөдөл ирүүлж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах тохиолдол гардаг. Гагцхүү ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниас мэдээллээ нууцлах гэдэг ч юм уу шаардлага үүсдэгийг зарим хүн ойлгох хэрэгтэй болов уу.

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах тал дээр хэрхэн анхаарч буй бол?

-ХЭХ-аар ТУЗ-ийн гишүүдийг Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам мөрдөж сонгосон эсэхэд хяналт тавьж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж ажиллаж байна.

Ярилцлагын үргэлжлэлийг "Хүртээмжтэй санхүү" сэтгүүлээс уншина уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.