Н.ЭНХТУЯА: НИЙТ ЕСӨН ЖУРМЫГ ХОРООНЫ ХУРАЛДААНААР БАТЛУУЛАН, ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2021-09-16 03:41

Санхүүгийн зохицуулах хорооны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяатай ярилцлаа.

-Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг хэзээнээс төр зохицуулж эхэлсэн бэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлүүлье.

-Юуны өмнө ФАТФ болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид гэж хэнийг хэлээд байгаа талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан. 35 өндөр хөгжилтэй улс, 2 бүс нутгийн холбооны гишүүдийг өөртөө элсүүлсэн олон улсын байгууллага юм. Бүс нутаг хариуцсан байгууллагуудаараа дамжуулан өөрийн хяналтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Харин Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДМУТБ/ гэж Ази, Номхон далайн бүсийн нийт 41 улс, олон улсын байгууллага болон ажиглагч байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын хамтын ажиллагааны байгууллага байдаг. Монгол Улс нь АНДМУТБ-т 2004 онд гишүүнээр элссэн.

Олон улсын санхүүгийн системийн цогц байдалд аюул занал учруулж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, бусад холбоотой заналхийлэлтэй тэмцэх хяналт, зохицуулалтын эрх зүйн орчин, үр дүнтэй байдлыг ФАТФ-ын батлагдсан аргачлалын дагуу үнэлдэг. ФАТФ-аас гаргасан “Чиглэл бүрээр хэрэгжүүлэх 40 зүйл заалт бүхий багц зөвлөмж”-ийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын стандарт гэж хүлээн зөвшөөрдөг. Энэхүү зөвлөмжид дурдсанаар санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулдаг байна. УИХ-аас өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулан зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчлагдсан.

-Тэгэхээр ФАТФ-аас санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үзээд Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан уу?

-ФАТФ нь 2013 онд манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хуульчлаагүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал жагсаалт”-д анх оруулж байсан. Тухайн үед УИХ-аас холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар 2014 онд тус жагсаалтаас Монгол Улс гарч байсан. Дараа нь АНДМУТБ-ээс 2017 онд Монгол Улс нь ФАТФ-ын 40 зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буй талаарх тайланг хэлэлцээд “Хангалтгүй” гэж дүгнэн “Саарал жагсаалт”-д дахин оруулсан тул Монгол Улс ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврыг 40 зөвлөмжид нийцүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ингэснээр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг 40 зөвлөмжийн дагуу санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулан, эдгээр үйл ажиллагаа эрхлэгчдийг “Мэдээлэх үүрэгтэй этгээд”-д хамааруулан хуульчилсан.

ФАТФ-ын 40 зөвлөмжийг уншихад үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэж эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөл эсхүл бүртгэлтэй мэргэжлийн баг, мэргэжилтнээр дамжуулан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах болон түрээслэх, түрээслүүлэх гэх мэт гэрээ хэлэлцээрийг зохион байгуулах, “Зуучлалын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хийгдэх төлбөр нь бэлэн, бэлэн бусын аль нь болох, мөн мөнгөний эх үүсвэрийн талаар эрх бүхий байгууллагад тайлагнаж, холбогдох мэдээ, мэдээллээр хангадаг байх” нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж ФАТФ хүлээн зөвшөөрдөг байна. АНДМУТБ нь ФАТФ-ын 40 зөвлөмжийн хэрэгжилтийн түвшинг үнэлэхдээ “Техникийн хэрэгжилт”-тэй холбоотой ФАТФ-ын 40 зөвлөмжийг тухайн улсын хууль, журамд тусгагдсан эсэхийг харж үнэлдэг бол харилцан үнэлгээний чухал хэсэг болох үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтээр ФАТФ-ын зөвлөмжүүд нь бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгааг үнэлж, “Харилцан үнэлгээ”-ний тайланг ФАТФ-ын газар дээрх шалгалтаар баталгаажуулдаг юм. ФАТФ-ын 40 зөвлөмжийн дагуу дэлхийн улс орнуудад үнэлгээг хийж, харилцан үнэлгээний тайлангийн дүгнэлтээр уг 40 зөвлөмжийг биелүүлэх хүсэл сонирхолгүй, эсхүл биелүүлэхээс татгалзсан улс орныг “өндөр эрсдэлтэй улс” гэж дүгнэн “саарал” болон “хар жагсаалт”-д оруулж анхааруулах арга хэмжээг авдаг.

Манай улсын хувьд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагыг төдийлөн сонгож үйлчлүүлдэггүй, нөгөө талаас тус салбарт өрнөж буй үйл ажиллагааны бүртгэл, хяналт зохицуулалтгүйгээс статистик тоон мэдээлэл хангалтгүй байсан. Үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны хувьд ч мөн адил төрийн зохицуулалтгүй байсан бөгөөд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд өртөх өндөр эрсдэлтэй гэж тооцсон нь ФАТФ-ын 2019 оны 10 дугаар сарын хурлаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулахад нөлөөлсөн нэг даалгавар болсон. Дээр хэлсэнчлэн УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулж санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ болох үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулан зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан нь тухайн салбаруудын үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй болж салбарын статистик тоон мэдээллийн сан үүсэж, хяналт зохицуулалт бүрдсэн.

-Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газар ямар чиг үүрэгтэй вэ?

-Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааны зохицуулалтын стратеги бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээ хийх, оролцогчдын үйл ажиллагааны дүрэм, журам, дагаж мөрдөх шалгуур үзүүлэлт, стандартыг тогтоох, салбарын мэдээллийн нэгдсэн санг бий болгох, учирч болзошгүй эрсдэлээс зах зээлд оролцогчдыг хамгаалах, тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороо нь дээр дурдсан хуулийн хүрээнд шинээр зохицуулалт орсон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, сэргээх, хяналт шалгалт хийх зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 9 журмыг хорооны хуралдаанаар батлуулан, хэрэгжүүлж байна.

Мөн хоёр салбарын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан бие даасан хуулийн төслийг боловсруулах шаардлага үүсээд байгаа. Энэ дагуу Дэлхийн банкны төслийн хүрээнд хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцооллыг судалсны үндсэн дээр салбарын үйл ажиллагааг зохицуулах анхдагч хуулийн төслийг боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах ажлыг зохион байгуулж шийдвэрлүүлсэн.Тодруулбал, өнгөрсөн сарын 01 -нээс үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааны хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг чиглүүлэх гадаад зөвлөх, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хуулийн төслийг боловсруулах Дэлхийн банкнаас шалгаруулсан дотоодын зөвлөхтэй Санхүүгийн зохицуулах хороо гэрээг байгуулснаар ажиллаж эхлээд байна.  

-Холбогдох журмууд батлагдсанаар ямар давуу тал гарч байна вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахад энэхүү салбарын зохицуулалт чухал нөлөө үзүүлсэн. Нөгөө талаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болон татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх, далд эдийн засгийг ил болгох, тодорхойгүй мөнгөн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх, уг салбарт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж, иргэдэд мэргэжлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хийж тайлагнах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан “Үндэсний эрсдэлийн үнэлгээ”-г хийсэн. Энэхүү эрсдэлийн үнэлгээнд анх удаа үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг боловсруулан тайланг эцэслэн хүргүүлсэн.

Өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 205 хуулийн этгээд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 415 иргэн, 38 хуулийн этгээдэд олгож, 226 брокер, 1,252 агентыг Санхүүгийн зохицуулах хорооны нэгдсэн бүртгэлд бүртгэлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ хороонд ирүүлээгүй, улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө харъяалах улсын бүртгэлийн байгууллагад ирүүлэх, дээрх хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хандаж холбогдох өөрчлөлтөө бүртгүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааны чиглэлийг улсын бүртгэлээс хасах, хүчингүйд тооцох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burgel.gov.mn цахим хуудаст байршуулан, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан. Энэ хугацаанд Улсын бүртгэлийн байгууллагад хандаж холбогдох өөрчлөлтөө бүртгүүлээгүй нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдааны болон үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагааны төрлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон. Цаашид ч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагын арга хэмжээг авч ажиллах болно.

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүл

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.